Дэлхий
Пакистанд бурхныг доромжилсон хэмээн Wikipedia-г хориглолоо
Пакистан улс Wikipedia-г “бурхныг доромжилсон утга агуулгатай контент” түгээсэн хэмээн хориглолоо. Тус улсын эрх баригчид үнэгүй нэвтэрхий толиноосоо зарим материалыг устгах 48 цагийн хугацаа өгсөн бөгөөд хугацаа орон нутгийн цагаар бямба гарагт дуусжээ.
Пакистаны Цахилгаан холбооны газраас Wikipedia-г шаардлага биелүүлээгүй хэмээсэн байна. Дэлхий дахинд хамгийн алдартай нэвтэрхий толь болох Wikipedia-г эрхлэн явуулдаг “The Wikimedia Foundation” байгууллагаас “Пакистанчууд дэлхийн хамгийн том үнэ төлбөргүй мэдээллийн санг ашиглах боломжгүй боллоо. Хэрэв хориг үргэлжилбэл хүмүүс Пакистаны түүх соёлын талаар олж мэдэх боломжгүй болно” гэв.
Blasphemy буюу бурхан эсвэл ариун нандин зүйлсийг доромжлох үйлдэл нь Пакистанд маш эмзэг сэдэв аж. Пакистаны Цахилгаан холбооны төлөөлөгч “Wikipedia зарим материалыг устгасан ч бүгдийг нь устгаагүй. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг устгах хүртэл хаасан хэвээр байх болно” гэжээ.
Мусульман шашинтай тус орон 2010 онд Facebook-ыг “Исламын шашныг үндэслэгч Мухаммедын зургийг зурахыг уриалсан” гэж, Youtube-ыг 2010 онд “Ариун нандин шүтлэгийн эсрэг агуулга нэмэгдсэн” шалтгаанаар, Tinder, Grindr зэрэг болзооны аппликейшнийг “Ёс суртахуунгүй агуулгатай” хэмээн тус тус хориглож байв.
Эх сурвалж: BBC