Дэлхий
Герман, Нидерланд, Дани улсууд Украинд 100 танк илгээхээ амлав
Герман улсын батлан хамгаалахын сайд Мягмар гарагт Киев хотод урьдчилан зарлалгүйгээр айлчлахдаа Европын гурван улс ойрын хугацаанд хамгийн цөөндөө 100 танкийг Украинд нийлүүлэх болсныг зарлажээ.
Эдгээр нь Германд үйлдвэрлэгдсэн Leopard 1 загварын танкууд байх ба үйлдвэрээсээ шууд нийлүүлэгдэх гэнэ. Танкуудыг Украинд хүргэхээсээ өмнө эзэмшүүлэх сургалтыг урьдчилж зохион байгуулахаа Герман, Нидерланд, Дани улсын батлан хамгаалахын сайд нар мэдэгджээ.
Эхний ээлжид Leopard 1 загварыг, дараа дараагийн шатанд илүү орчин үеийн Leopard 2 загварын танкуудыг илгээх юм байна.
Одоогоор Герман улс 14 ширхэг Leopard 2 танк Украинд нийлүүлэхээ амлаад байгаа.
Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников өчигдөр сошиал хуудсандаа Германы батлан хамгаалахын сайд Борис Писториустай хамт “Leopard 2” танкийн загварыг барьж буйг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ.
BREAKING: The «first» Leopard 2 has arrived in Kyiv 🐆
There will be more of them.✊
Thank you to @Bundeskanzler my colleague Boris Pistorius and the German people.
The tank coalition is marching… to victory! pic.twitter.com/4VY2YaovBi— Oleksii Reznikov (@oleksiireznikov) February 7, 2023
Өрнөдийн холбоотнууд нийтдээ 120-140 орчим танк илгээх амлалт баталгаажсан тухай Киевийн эрх баригчид өмнө нь мэдээлж байв.
Германы батлан хамгаалахын сайдын айлчлал дорнод Украины фронтод ширүүн тулаан өрнөж буй цаг үетэй давхцаж байгаа юм.
ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр “Вугледар, Артемовск (Бахмут) орчимд явуулж буй манай байлдааны ажиллагаанд ахиц дэвшил гарсаар байна” гэж мэдэгджээ.
Түүний өгүүлснээр Донецк мужийн долоон суурин газрыг Оросын арми саяхан “чөлөөлсөн” гэнэ. Тэдгээрийн дотор давсны томоохон уурхай байрладаг Соледар хот багтаж байна.
Украины дайн эхэлсний нэг жилийн ойтой давхцуулан Оросын тал томоохон довтолгоонд бэлдэж, хүчээ дорнод фронтод хуримтлуулж буй тухай Киевийн эрх баригчид сүүлийн үед анхааруулах болсон юм.
Эх сурвалж: AFP