Улс төр

Д.Амарбаясгалан: “ЭТТ”-н ногдол ашиг эдийн засгийн өгөөжгүй учир өгөхгүй

Нийтэлсэн

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сараас өмнө иргэдэд олгох эсэх дээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг Цагаан сараас өмнө иргэдэд тараах уу?

-“Эрдэнэ Тавантолгой” компани байгуулагдсан цагаасаа хойш 2019 оныг хүртэлх хугацаанд дандаа алдагдалтай ажиллаж ирсэн. Харин 2020 онд анх удаагаа ашигтай ажиллаж, ногдол ашиг болох 96 мянган төгрөгийг хувьцаа эзэмшигч бүрд олгосон. “Эрдэнэс Тавантолгой” компани 2021, 2022 онуудад төмөр замын болон нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Бэлэн мөнгийг тараах нь инфляц өсөх, бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсноор ард иргэдийн амьдрал, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс хувьцааны ногдол ашгийг бага хэмжээний бэлэн мөнгөөр тараах бус хувьцааны ашиг нь ард иргэдийн амьдралд бодит хувь нэмэр оруулах хэмжээнд нь хүргэх нь чухал гэж Эдийн засгийн хөгжлийн яам үзэж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэ Тавантолгой” компани дотоодын 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгочихсон өртэй байгаа.

Мөн төмөр замын төслийн үлдэгдэл өр бий. Тиймээс нэн тэргүүнд өр төлбөрийг нь барагдуулахгүй бол дахиад алдагдалтай ажиллах эрсдэл бий болно гэж үзэж байгаа. Тус компанийн 2021 оны ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт тараавал нэг хүнд 15 мянга орчим төгрөг оногдох тооцоолол гарсан. Тэгвэл 2022 оных нь ашиг мөн л 10 гаруй мянган төгрөг л оногдохоор байгаа. Энэ хэмжээний мөнгийг иргэдэд тараах нь төдийлөн өндөр ач холбогдолтой бус. Харин ч өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт оруулж, инфляц хөөрөгдөх эрсдэлтэй.

-“Нүүрсний хулгай”-д холбогдсон гишүүд иргэн бүрд хоёр сая төгрөг олгох боломжтой гэж ярьсан. Энэ хэр бодитой вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг байгаа юм. Иргэн бүрд хоёр сая төгрөг өгье гээд бодвол нэг ч төгрөгийн зарлага гаргахгүйгээр тус компанийн бүх орлогыг хувааж өгнө гэсэн үг. Тэгэхээр ийм бодит боломж байхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version