Эдийн засаг
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тайланд аудит хийх тусгай зөвшөөрөл олгожээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж Сэндбоксын зохицуулалтын орчны журмын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Тус хорооны мэдээлэлд, Журмын шинэчилсэн найруулгаар сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авах, сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдэж, оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцаа илүү тодорхой болох юм. Мөн одоо мөрдөж буй журмын санхүүгийн зохицуулагч байгууллагууд нь тус тусдаа сэндбоксын нэгжтэй байна гэсэн зохицуулалт нь журмын шинэчилсэн найруулгад Сэндбоксын албыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлдэг байхаар тусгагдсан. Журмын төслийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хамтран батална.
Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийх ажлын дийлэнх хувийг Санхүүгийн зохицуулах хороо дангаар болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Хэрэгжүүлэхдээ үр дүнтэйгээр буюу Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДБМУТБ/-ийн дараагийн шатны харилцан үнэлгээнд бэлтгэх, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулж, тасралтгүй байдлыг хангах хүрээнд “Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2023-2030)”-г найман зорилгын хүрээнд боловсруулсныг хуралдаанаар баталлаа.
Мөн хуралдаанаар нэг хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар, нэг тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны жилийн хүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр хоёр компанийг, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх болон хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг буюу нийт гурван компанид олгохоор, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон нэг компанийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэлээ гэсэн байна.