CRI Монгол радио

Бүдэрсэн дээр нь нудраад байна

Нийтэлсэн

6-ны өдөр, Туркийн зүүн өмнөд хэсгийн Сирийн хилийн ойролцоо нутагт 7.8 баллын хоёр удаагийн газар хөдлөлт болов. Сирийн Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Сирийн засгийн газрын хяналтад байгаа нутагт газар хөдлөлтийн улмаас 1250 хүн амиа алдаж, 2054 хүн гэмтэж бэртсэн байна. Зөвхөн Алеппо мужийн төв Алеппо хотод 50 орчим барилга нурж, амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадлал их байна.

Дайны зовлонг ханатлаа амсаж, хүмүүнлэгийн хямралд нүүрлэсэн Сирийн ард түмний хувьд энэхүү томоохон газар хөдлөлт нь байдлыг улмаар дордуулж байна.

Сирийн Гадаад хэргийн яам АНУ болон барууны орнуудын урт хугацааны хориг арга хэмжээний улмаас Сирид аврах тоног төхөөрөмж дутагдаж, аврагчид ажиллахад хоёр дахин илүү цаг зарцуулах бөгөөд зарим нь гараар л ухаж малтаж байна гэж онцолжээ. Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Халид Хабубати хэвлэлийн бага хурал дээр “Хаах хязгаарлах хориг арга хэмжээний улмаас тусламж, аврах машины цуваанд шатхуун ч алга” гэжээ.

Ийнхүү яаралтай нөхцөл байдалд, Сирийн Арабын Улаан хавирган сар, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг Америк-Арабын хороо болон бусад байгууллагууд орон нутгийн хүмүүнлэгийн байдлыг цаашид дордуулахгүйн тулд Сирийн эсрэг нэг талын хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлахыг АНУ болон Барууны орнуудад уриалав. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Прайс тусламжийг зөвхөн “орон нутгийн хүмүүнлэгийн түншүүд”-ээр дамжуулж үзүүлэх бөгөөд АНУ-ын тал Сири дэх Ассадын засгийн газартай харилцахаас татгалзаж байгаагаа тодорхой мэдэгдэв.

2011 онд Сирийн дотоодод дайн эхэлснээс хойш АНУ байнга цэрэг армиар хөндлөнгөөс оролцож, эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн төдийгүй Сирийн газрын тос олборлодог томоохон бүс нутгийг эзэлж, газрын тосны үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг тонож дээрэмдэн, хууль бусаар хил давуулж, хүнсний нөөцийг шатааж байсан юм.

Түүнчлэн АНУ болон барууны бусад орнууд Сирийн эсрэг урт хугацааны хориг арга хэмжээ авсаар байна. Ялангуяа 2020 оны 6-р сард АНУ Сирийн эдийн засгийн бараг бүх салбар, Сирийн засгийн газартай холбоотой бүх гадаадын компани, хувь хүмүүсийг хамарсан Сирийн эсрэг ганц талын хориг арга хэмжээ болох “Цезарийн хууль”-ийг хэрэгжүүлж эхэлснээ зарласнаар Сирийг эдийн засаг, нийгмийн нэн ноцтой хямралд оруулжээ.

Exit mobile version