Засгийн газар
Таван “Ш” ажиллагаа улстөрчдийн ТАРЫГ таниулна
Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоолыг баталж, энэ хүрээнд Авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлэх боллоо. Тодотгож хэлэхэд өнөөдрийн Засгийн газрыг 1980-аад оны залуус удирдаж байгаа. Засгийн бүтэц ч Ц.Даваасүрэнг эс тооцвол ерөнхийдөө залуужсан. Гар сэтгэл нийлсэн залуус зоримог хөдөлж байгаагийн нэгээхэн жишээ бол таван “Ш” ажиллагаа юм. Ямартай ч энэхүү таван “Ш” ажиллагаа нь улстөрчдийн тарыг нь таниулж таарна.
Юуны өмнө “Шүгэл ажиллагаа” хэрэгжүүлнэ. Үүнд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулахаар болсон. Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах юм. Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллахаар төлөвлөжээ.
“Шүгэл ажиллагаа” бол эртнээсээ хэрэгжээд эхэлсэн гэж болно. Хөгжлийн банкны зээлдэгчид болон нүүрсний хулгайчдыг илрүүлэх аянг Засгийн газраас мэдэгдэж ихээхэн үр дүнтэй явж байгаа. Энэ бол яах аргагүй “Шүгэл ажиллагаа”-ны эхэн хэсэг юм. Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг олон нийтэд зарлан, 80 гаруй хүнийг шалгаж эхлээд байна. Мөн нүүрсний хэрэгт холбогдсон хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөөд буй.
Үүний дараа “Шүүр ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Үүнд улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гаргаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах, авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх юм байна. “Шүүр ажиллагаа” нь ч хэрэгжээд эхэлчихсэн гэхэд болно.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Авилгалтай холбоотой асуудлаар сайн засаглал хэсгийн гуравдугаар бүлэг дээр тусгагдсан. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан тухайн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгодог Сингапурын эрх зүйн орчныг оруулж ирэхээр тусгагдаад явж байгаа. Үүнээс гадна сонгуульд бүртгэлгүй мөнгө хандивлах нь авилгалын хэрэг болгож шалгагдах зэрэг эрх зүйн том шинэчлэлт тусгагдаад явж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох нь дээд шатны авилгалын асуудал шийдэгдэх үндсэн зарчим гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан бол Ерөнхий сайд болсон даруйд “Хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгон” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн “Шувуу ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах аж. Үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа.
Өнөөдөр гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Тавантолгой төмөр замын захирал Н.Удаанжаргал, Монголын төмөр замын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарын цөөнгүй хүн оргон зайлаад удаж байгаа. Эдгээр буруутай этгээдүүдийг “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд эх оронд авчирч хариуцлагаа тооцох юм байна.
Дөрөвдүгээрт, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хүрээнд оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр болжээ.
Үүнийг мөн эртнээс ярьж байсан. Манай улстөрчдийн дунд оффшор бүсэд нэг сая ам.доллароо хүртэл мартсан хүн бий. Хэрвээ оффшор бүсээс мөнгө оруулж ирвэл чамгүй хөрөнгө байгааг ч дурдаж байсан.
Харин тавдугаарт, “Шил ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Үүнд цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах, улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжих юм байна. Энд бол тендер, концессын луйврыг таслан зогсооно. Өнөөх л дарга сайд нарын хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүд бүхий л тендерийг хамдаг байдлыг таслан зогсооно гэсэн үг.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН