Дэлхий

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд Путиний дараагийн бай болохыг Зеленский анхааруулав

Нийтэлсэн

Баасан гарагт Германы Мюнхен хотод эхэлсэн олон улсын аюулгүй байдлын бага хуралд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоогоор оролцжээ.

Энэ үеэр тэр зэр зэвсгийн нийлүүлэлтээ хурдасгахыг холбоотнуудад уриалж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эцсийн зогсоол Украин биш болохыг анхааруулсан байна.

“Украин түүний сүүлчийн зогсоол биш гэдэг нь тодорхой. Тэр түрэмгийллээ цааш үргэлжлүүлж, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүх улс оронд санаархаж байна” гэж Зеленский хэлжээ.

Украин, Румын улсуудын завсарт оршдог Молдова улс үүний нэг жишээ болоод байгаа.

Молдова нь Өрнөд ба Оросын зөрчлийн нэг гол цэг болдог.

Тус улсын Украинтай залгаа Днестрийн бүс нутаг 1992 оноос хойш Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байгаа юм.

Энэ нутагт одоо Оросын 1,500 цэрэгтэй бааз байрладаг.

Даваа гарагт Молдова улсын ерөнхийлөгч Майя Санду төрийн эргэлт зохион байгуулах гэсэн Москвагийн эрх баригчдын дэмжлэгтэй хуйвалдааныг таслан зогсоосноо мэдэгдсэн юм.

Энэ мэдэгдлийн хариуд Кремль байр сууриа илэрхийлээгүй байна.

Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан ярихдаа Молдовыг дараагийн Украин болгох санаатай байгаа Өрнөдийнхнийг шүүмжилж байжээ.

Өчигдөр хэлсэн үгэндээ Зеленский зэр зэвсгийн нийлүүлэлтээ хурдасгахыг холбоотнуудад уриалсан юм.

“Хугацааны саатал үргэлж алдаа байсаар ирсэн. Бидэнд хурд маш чухал байна. Гэрээний хэрэгжих хурд, нийлүүлэлтийн хурд, Оросын боломжийг хязгаарлах хурд” гэж тэр анхааруулжээ.

Жил бүр дэлхийн томоохон улс төрчид, батлан хамгаалах, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг цуглуулдаг Мюнхений бага хурал энэ удаа Украины дайн эхэлсний нэг жилийн ойн өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

Хурлын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон бас Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ яаравчлахыг түншүүддээ уриалж, ойрын өдрүүд дайны үйл явцад чухал ач холбогдолтой цаг үе байхыг анхааруулжээ.

Дайны нэг жилийн ой дээр Оросын арми Украины фронт дээр шинэ довтолгоон эхлүүлж болзошгүй байгаа юм.

Германы канцлер Олаф Шольц тус улсын тусламжаар илгээх Leopard 2 танкуудын түрүүч тун удахгүй Украинд хүрэхийг өчигдөр мэдэгдсэн байна.

Тэрбээр дайн сунжрах өндөр магадлалтайг хуралд оролцогчдод анхааруулаад холбоотнууд Украиныг ялах хүртэл тусламж дэмжлэгээ зогсоохгүйг амлажээ.

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version