Эдийн засаг
Moody’s: МУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэл “B1” түвшинд хэвээр байна
“Мүүдийз” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үнэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус байгууллагаас манай зээлжих зэрэглэлийг тогтоохдоо авч үзсэн үндэслэлийг тодотгоё.
“B3” зэрэглэлийг тогтоохдоо нэг талаас эх үүсвэрийн болон гадаад орчны эрсдэлүүд өндөр байгаа явдал, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийн төлөв сайн, өрийн эргэн төлөлтийн төлөв өмнөх үетэй харьцуулахад сайжирсан зэргийг нь харгалзан тус тус тодорхойлжээ. Гадаад өрийг 2023 оны 1 дүгээр сард дахин санхүүжүүлснээр Монгол Улсын ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлага (хэдий өндөр хадгалагдаж байгаа ч) илүү удирдахуйц түвшинд хүрсэн.
Сүүлийн үед БНХАУ ковидын эсрэг хатуу бодлогоосоо татгалзаж, Монгол Улс дэд бүтэц, логистикийн бүтцээ ахиулах ажлаа үргэлжлүүлэн, уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлж буй нь гадаад валютын орох урсгалыг алгуур сэргээх, ирэх жилүүдэд ДНБ потенциал түвшиндээ хүрч өсөхөд дэмжлэг үзүүлэхээр байна.
Институтийн сул дорой хөгжил, эдийн засгийн төрөлжилт дутмаг байгаа нь төсөв болон эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийг нэмэгдүүлж буйг мөн “B3” зээлжих зэрэглэл илэрхийлж байна.
Ирээдүйн төлөв байдлыг “тогтвортой” хэмээн үнэлсэн нь гадаад эх үүсвэрийн эрсдэл өндөр хадгалагдаж буй хэдий ч удирдахуйц түвшинд байгаатай холбоотой юм.
2026 оны эцэс хүртэл Монгол Улс их хэмжээний өр төлбөр барагдуулахтай холбоотойгоор зарим тохиолдолд санхүүгийн хэрэгцээ шаардлага огцом нэмэгдэж болзошгүй ч Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт босгох өртөг нь хэт өндөр бус байх боломжтой, ингэснээр гадаад өрийн эргэн төлөлт хүндрэх магадлал “B3” зээлжих зэрэглэлтэй нийцтэй түвшинд хязгаарлагдана гэж үзжээ.
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэл (local-currency country ceilings) “B1” түвшинд хэвээр байна. Гадаад валютаар зээлжих зэрэглэл (foreign-currency country ceiling) “B3” түвшинд байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэлийн дээд хязгаараас 2 пунктээр ялгаатай байна. Энэ нь эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо их, нийт орлого түүхий эдийн үнээс хэт хамааралтай, гадаад тэнцвэргүй байдал өндөр байгаагийн илрэл. Мөн Монгол Улсын бодлогын үр нөлөө сул, гадаад өрийн түвшин өндөр байгаагаас үүдэн гадаад эмзэг байдал нэмэгдэх үед валютыг гуйвуулах болон хөрвүүлэх эрсдэл тохиож болзошгүйг онцолжээ.