Улс төр

Б.Бат-Эрдэнэ сайд япончуудад “ЖАВТИЙ” хүртээв

Нийтэлсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллахаар очиход нисэх буудал үүднээсээ эхлээд тэр чигтээ тоос шороонд дарагдсан байсныг эх сурвалжууд дуулгаж байсан. Тиймээс сайд ихээхэн хилэгнэж, япончуудад “жавтий” хүртээсэн тухай цахим орчинд шуугиан дэгдээж байв. Шуугиан дэгдээхээс илүүтэй шаардлага тавьсан сайд аа шүүмжилж, хариуцлагагүй ажиллаж байгаа япончуудыг өмгөөлөх шинжтэй үг өгүүлбэр ч харагдана лээ. Туйлширал гэдэг л энэ байх. Нэг салбарын сайд нь тоос шороондоо дарагдсан олон улсын зэрэглэлийн байгууллагыг шүүмжилж, үүрэг өгч яагаад болохгүй гэж. Тэр тусмаа Монгол Улсын босго, үүд, нүүр царай нь болсон олон улсын зэрэглэлийн нисэх буудал тоос шороондоо дарагдаж байна гэдэг байж боломгүй асуудал. Япончууд анх ямар амлалт үүрэг өгч нисэх буудлын менежментийг удирдахаар болж байсныг ч өнөөдөр хүмүүс мартаагүй байх.

Нөгөө талаар Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд нисэх буудалд ганц удаа очиж байгаа ч хэрэг биш. Үүнээс өмнө хэд хэдэн удаа очиж тодорхой нөхцөл байдлын дагуу үүрэг өгсөн ч төдийлөн биеллээ олоогүй учраас энэ удаад хатуухан сануулсан хэрэг. Ингэхдээ тус буудлын менежментийг гардан нугалж байгаа “Нью Интернэшнэл” компанийг солих тухай асуудлыг Засгийн газарт тавина гэдгээ ч дуулгаж, гүйцэтгэх захирал Китанака Такэфумид үүрэг болгосон.

Манай Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам цар тахлын улмаас тасалдаад буй жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, энэ онд багадаа нэг сая жуулчин хүлээн авна гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл жуулчид олон улсын нисэх буудалд хөл тавьсан даруйд тоос шороотой хутгалдаж, нисэх буудлын хаа ч явсан тоос шороо арчиж явна гэдэг утгагүй асуудал.

“Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэдэг дээ. Монголыг зорин ирэх зочдын хамгийн эхний хөл тавих газар бол “Чингис хаан” олон улсын нисэх буудал, түүний объект байршил. Энэ орчинд угтах агаар салхи. Аливаа айлд ирсэн зочин үүднээс нь эхлээд сэтгэгдлээ бүрдүүлж явдаг учиртай. Үүн лугаа адил Монгол Улсыг зорин ирсэн жуулчид нэн тэргүүнд олон улсын нисэх буудлын тоос шороотой танилцаж, монголд зочлон ирсэн сэтгэгдлийнхээ суурийг тавих нь гарцаагүй. Тэгэхээр Засгийн газрын бодлогын дагуу олон жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа салбарын сайд ундууцахгүй яах юм.

Бидэнд нисэх буудал барьж өгсөн юм, менежментийн гэрээгээр удирдаж яваа юм, хөрөнгө мөнгөө гаргасан юм хөөрхий хэмээн япончуудын толгойг илэх үү. Үгүй. Тоос шороог өчүүхэн төдийд үзэж болохгүй. Үүний цаана Монгол Улсын нэр нүүр байгаа. Салбарын сайд удаа дараа очиж үүрэг өгч байхад үл ойшоож байгаа япончуудыг ч зүгээр орхиж болохгүй. Үүний цаана Монгол төрийн нэр хүнд байгаа. Цаашид ч шахаж, шаардаж ажиллах хэрэгтэй.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аль ч орны ямар ч байгууллага манай улсын хууль дүрмийг мөрдөх ёстой. Тэгэхээр Төрийн нэг сайд нь очоод үүрэг даалгавар өгч байхад үл ойшоож байгаа нь манай улсын хууль дүрмийг үл ойшоож байгаатай агаар нэгэн зүйл. Төрийн сайд өөрийн биеэр очиж үүрэг өгч байна гэдэг өөрөө хууль юм. Ийм нөхцөлд Б.Бат-Эрдэнэ сайд япончуудад “жавтий” хүртээх нь бүү хэл томоохон асуудал ч сөхөхөд болохгүй зүйл алга.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version