Дэлхий

Хүйсийн эрх тэгш байдлыг хангахад 300 жил шаардлагатай байгааг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

Нийтэлсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтаж хэлсэн үгэндээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүйсийн эрх тэгш байдлыг хангах зорилт биелэхэд дахиад 300 жилийн хугацаа шаардагдахаар байгааг анхааруулжээ.

“Хүйсийн эрх тэгш байдлыг хангах хугацаа биднээс улам холдож байна. НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын үзэж байгаагаар одоогийн хэмнэлээр явбал энэ зорилт 300 жилийн дараа биелэхээр байна” гэж тэр ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Гутерреш цааш нь хэлэхдээ “Дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Олон арван жилийн турш олж авсан ахиц дэвшил бидний нүдний өмнө устаж байна” гэж анхааруулжээ. Ингэхдээ тэр Талибаны дэглэмийн дор Афганистаны охид, бүсгүйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг онцлон дурдсан байна.

Эхийн эндэгдэл, охидын сургууль завсарлалт, хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж, охидын эрт гэрлэлт зэрэг хүчин зүйлүүд хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэлд хамгийн их саад учруулж байгааг дурджээ.

“Эцгийн эрхт ёс, ялгаварлан гадуурхалт, эмэгтэй хүнд халгаатай хэвшмэл ойлголтууд нь шинжлэх ухаан, технологийн салбарт хүйсийн асар том ялгааг бий болгосон” гэж хэлэхдээ тэр Нобелийн шагналтнуудын ердөө гурван хувийг эмэгтэйчүүд эзэлж буй жишээг дурдсан байна.

Илтгэлийнхээ төгсгөлд Гутерреш хүйсийн эрх тэгш байдлыг сайжруулахад дэлхийн улс орнуудын засгийн газрууд, иргэний байгууллагууд, хувийн хэвшлийнхнийг хамтарч ажиллахыг уриалжээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version