Дэлхий

Украинчууд Бахмутыг үргэлжлүүлэн хамгаалахаа мэдэгдэж, Вагнерын босс сумны хомсдолын талаар гомдоллов

Нийтэлсэн

Даваа гарагт Украины эрх баригчид Донецкийн Бахмут хотыг хамгаалах тулаан маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа ч ухрах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

Тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзсаны дараа ийм шийдвэр гаргасан байна.

“Генералууд Бахмут хотыг хамгаалах ажиллагаагаа үргэлжлүүлж, байр сууриа цаашид бэхжүүлэх саналаа илэрхийлсэн” тухай Украины ерөнхийлөгчийн вэб сайтад мэдээлжээ.

Гэхдээ Украины армийн зарим анги нэгтгэлүүд Бахмут дахь байрлалаасаа тактикийн ухралт хийж эхэлснийг эх сурвалжууд мэдээлсээр байна.

Бахмут дахь Украины цэргийн командлагч Володимир Назаренко өчигдөр сошиал сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ байлдааны нөхцөл байдлыг “тамтай” зүйрлэсэн юм.

Ойрх Дорнодод хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр Йорданы нийслэл Амман хотод сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Миний бодлоор Бахмутын ач холбогдол нь стратеги, тактикийн гэхээсээ илүү бэлгэдлийн шинж чанартай юм. Бахмутыг алдсанаар Оросууд дайны салхийг өөрчилсөн гэж үзэх хэрэггүй” гэж мэдэгджээ.

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу эзлэгдсэн бүс нутгаар аялахдаа Мариуполь хотод саатаж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Харин Бахмутыг эзлэх тулаанд гол үүрэгтэй оролцож буй гэгддэг Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн тэргүүн Евгений Пригожин сумны хангамж хүрэлцээ муу байгаа талаар Телеграм хуудсаараа гомдолложээ.

“Гуравдугаар сарын 5-ны өдөр яаралтай сум нийлүүлэх шаардлагатай байгаа талаар би цэргийн тусгай ажиллагааны командлагчид захидал бичсэн. Гэтэл гуравдугаар сарын 6-ны өглөөний 8:00 цагт командлагчтай уулзахаар очсон манай төлөөлөгчийг нэвтрүүлэхээс татгалзсан байна. Энэ нь ердийн хүнд суртал байв уу, эсвэл урвалт байв уу. Бид учрыг нь олохыг хичээж байна” гэж тэр ярьсан байна.

Вагнер групп болон ОХУ-ын батлан хамгаалах яамны хооронд үүссэн зөрчил сүүлийн саруудад улам бүр ил тод болсоор байгаа. Пригожин ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг байнга шүүмжилж, дайны талбарт гаргасан ололт амжилтаа Оросын албан ёсны армитай хуваалцахаас зайлсхийж байгаа билээ.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version