Дэлхий

“Орос маягийн хууль”-ийг эсэргүүцсэн Гүржийн иргэдийн тэмцэл хоёр дахь өдрөө үргэлжиллээ

Нийтэлсэн

Лхагва гарагт буюу өчигдөр Гүржийн иргэд хоёр дахь өдрөө нийслэл Тбилиси хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Тус улсын парламент Мягмар гарагт “гадаадын агент” буюу гадаад улсын эрх ашгийг төлөөлөгчийн тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр дэмжсэн нь эсэргүүцлийн жагсаал эхлэх шалтгаан болсон юм.

ОХУ-д сөрөг хүчний дуу хоолойг хязгаарлахад ашиглагддаг ийм хууль Гүрж улсыг авторитар дэглэмд шилжүүлж, Европтой ойртон нягтрах боломжийг хаана гэж иргэд үзэж байна.

Хуулийн төсөлд үйл ажиллагааных нь 20-оос багагүй хувь хилийн чанадаас санхүүждэг байгууллагыг “гадаадын агент” гэж үзэхээр тусгасан юм.

Эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам үүнийг 1930-аад оны үед АНУ-д батлагдсан хуулиас санаа авсан гэж тайлбарлаж байгаа.

Харин ерөнхийлөгч Саломе Зурабишвили тэргүүтэй шүүмжлэгчид үүнийг Кремлийн эрх баригчдын баталсан хуультай ижил гэж үзэж байна.

Мягмар гарагийн орой жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарах үеэр 66 хүн баривчлагдсан тухай Гүржийн дотоод хэргийн яам мэдээлж байв.

Энэ үеэр жагсагчид шатаагч бөмбөг, чулуу шидэж байсан бол цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэсэн юм.

Лхагва гарагийн үдээс хойш зохион байгуулагдсан олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулсан жагсаал дахин шинэ хуулийн эсрэг тэмцэл болж хувирчээ.

зураг

Жагсагчид Тбилиси хотын Руставелийн өргөн чөлөөгөөр парламентын байрыг чиглэн алхахдаа Гүрж, Европын Холбооны далбааг намируулж, “Оросын хуульд үгүй гэж хэлцгээе” гэсэн уриаг хашхирч байлаа. Мягмар гарагийн жагсаалд оролцогчид бас Украины төрийн дууллыг дуулж, далбааг нь намируулж байсан юм.

Шинэ хуулийн төсөл нь парламентад олонхын суудалтай, засгийн газрыг тэргүүлдэг Гүржийн Мөрөөдөл нам болон Европын талыг баримтлагч ерөнхийлөгч Зурабишвилигийн зөрчлийг улам гүнзгийрүүлээд байна.

Зурабишвили уг нь тус намаас 2018 онд нэр дэвшиж сонгуульд ялсан ч ерөнхийлөгч болсныхоо дараа үзэл санааны хувьд зөрчилдөх болсон юм.

Тэрбээр Мягмар гарагийн орой хэлсэн үгэндээ жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлээд шинэ хуулийн төслийг дэмжсэн парламентын гишүүдийг үндсэн хууль зөрчсөн гэж буруутгасан байна.

Зурабишвили бас хуулийн төсөлд хориг тавихаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Гүржийн Мөрөөдөл нам сүүлийн жилүүдэд илт Оросын талыг баримтлах болсон гэж сөрөг хүчнийхэн үздэг. 2008 онд болсон Оросын эзлэн түрэмгийллийн үр дүнд Абхаз, Өмнөд Осетийн бүс нутаг салан тусгаарласны дараа Гүржийн нийгэмд Москвагийн эсрэг үзэл хүчтэй дэлгэрсэн юм.

Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Гүржийн Мөрөөдөл намын дарга Иракли Кобахидзе хуулийн төслийг үндэсний эрх ашгийн эсрэг, Гүржийн үнэн алдартны сүм хийдийн эсрэг үйл ажиллагааг хязгаарлах ач холбогдолтойг тайлбарлажээ.

Тэрбээр иргэдийг хүчирхийлэлд турхирч буй радикал сөрөг хүчнийхнийг энэ үеэр хүчтэй шүүмжилсэн байна.

Европын Холбооны хэд хэдэн албан тушаалтан “гадаад агент”-ын тухай хуулийн төсөлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

“Гадаадын нөлөөг хязгаарлах зорилготой гэгдэж буй энэ хууль Гүржийн ард түмний олонхын хүсдэг Европын үнэт зүйлтэй нийцэхгүй” гэж Евро Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел өчигдөр твиттер хуудсандаа бичсэн байна. Хуулийн засаглал, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоог бэхжүүлэх шинэчлэлээ эрчимжүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр өнгөрсөн онд Брюсселийн эрх баригчид Европын Холбооны гишүүний горилогчийн статустай болох Гүржийн эрх баригчдын хүсэлтийг буцааж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version