Улс төр

Лу.Гантөмөрийн мөрөөдлийг Ж.Сугарсүрэн хэрэгжүүлэхээр чингэлтэйчүүдийн тохуу болж явна

Нийтэлсэн

Хаана ямар улс төрийн бага, дунд шатны сонгууль болно, тэнд өрсөлдөн бүдэрч байдаг Ж.Сугарсүрэн гэх нөхөр Чингэлтэй дүүргийн Ардчилсан намыг даргалж байгаа аж. Саяхан хөрөнгө санхүүгийн асуудалд нэмэр тус болгохоор дэд даргаар Ж.Баяржавхланг томилон ажиллуулж байгааг эх сурвалж хэллээ. Дэд дарга болоод буй Ж.Баяржавхлан нь өнгөрөгч 2020 онд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшээд өвдөг шороодож байсан нөхөр бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн төрсөн ах юм. Ж.Алдаржавхлан өөрөө МАН-ын нэр дээрээс дүүрэг удирдаж байгааг бид мэднэ. Түүний хувьд айсуй 2024 оны сонгууль угтан, тус дүүргийн АН-ын дэд даргаар ирж байгаа нь ойлгомжтой.

Тус дүүргийн АН-аас 2023 оны гуравдугаар сарын 06-15-ны өдрүүдэд иргэд, намын дэмжигчид, гишүүдийн санал хүсэлтийг Монгол орон даяар хүлээн авах, сонсох өдрүүд болгон зарлажээ. Учир нь аяны үр дүнд гишүүд дэмжигчдийн санаа бодлыг богино, дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууддаа тусгахаар төлөвлөсөн гэдгээ цахим хуудаснаа мэдэгджээ.

Нэг дүүргийн АН ард түмний санал хүсэлтийг сонсоод ч яах юм. Бас болоогүй, “Аяны үр дүнд гишүүд дэмжигчдийн санаа бодлыг богино, дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууддаа тусгахаар төлөвлөсөн” гэжээ. Тиймээс чингэлтэйчүүд чухам ямар эрх мэдлээр хаана ямар бодлого хэрэгжүүлэх гээд байгаа юм бол хэмээн доог тохуу хийж байна.

Саяхан АН-ын даргаар томилогдсон ч маргаантай байгаа Л.Гантөмөр “Энэ парламент эрх зүйн чадамжгүй байна, тараана” хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. Түүний мөрөөдлөөр бол парламентыг тараачихаад ирэх намар сонгууль хийх, улмаар Ерөнхий сайдын суудал ч мөрөөдөж байгааг үгүйсгэхээргүй гэнэн тэнэг. Тэрбээр, АН-ынхантай золголт хийх үеэрээ үүрэг өгөх нэрээр мөрөөдлөө ярьсан бололтой.

Үнэн хэрэгтээ Л.Гантөмөрийн очоод буй даргын суудал, тамга тэмдэг ч маргаантай байгаа асуудал. Гэтэл АН-ын даргынхаа эрхийг баттай гартаа оруулаагүй байж “дунд, урт хугацааны бодлого” ярьж байгаад юу ч үгүй болох вий гэх айдас АН-ын залууст бий. Өөрөөр хэлбэл АН-ын даргад зөвшөөрөл өгч дэмжсэн эрх баригчдынхаа бухимдлыг төрүүлбэл яана. Тэд тамга тэмдгийг нь С.Эрдэнийн гарт үүрд хадгалуулж ч чадах хүмүүс гэдгийг мэдмээр юм.

Харин түүний мөрөөдлийг Чингэлтэй дүүргийн АН-ын үүрийн дарга Ж.Сугарсүрэн нар биелүүлэхээр ийн аян зарлаж байгаа хэрэг. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг нэг гэнэн тэнэгийнхээ мөрөөдлийг нөгөө гэнэн тэнэг нь биелүүлэхээр чингэлтэйчүүдийн тохуу болж явна. Уг нь Ж.Сугарсүрэн өөрөө С.Эрдэнийн үнэнч цэргүүдийн нэг хэдий ч ийнхүү Л.Гантөмөрийн гэнэн мөрөөдлийг хэрэгжүүлэхээр чингэлтэйчүүдийн доог тохуу болж яваа нь харамсалтай.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version