Агентлаг

Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгуулав

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Завхан аймгийн Тэс суманд ажиллалаа.

Энэ үеэр Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Тус аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Тэс сумд Улаанбааатраас 1100 гаруй, аймгийн төвөөс 300 гаруй км алслагдсан. Нийт 15 багийн 2647 өрхийн 8500 гаруй хүн амтай. 1247 өрхийн 472,700 гаруй толгой мал өвөлжиж байна.

Нийт нутгаар  цасны зузаан 10-35 см, хунгарласан газартаа 40-60 см, гуу жалгандаа 70-120 см зузаан цастай.

Аравдугаар сараас хойш орсон цас хатуурч, хөрөлсөн, мөстдсөн зэрэг нь өвс, тэжээлийн хомсдол үүсэх, малын хөл халзрах, мал зүй бусаар хорогдох эрсдэлийг дагуулж байна. Баянхайрхан сумын Төөнөтийн даваа, Баянтэс сумыг Зайгал, Тэс сумын Баян-Уулын архос, өвөрхос, Тээрэнгийн даваа цасанд хаагдсан байсныг нээсэн.

Аймгийн аюулгүй нөөцөөс 40 тн өвс, 40 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгосон. Харин шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Угтах-Зөвлөгөө” үйлчилгээ гаргаж, хилийн боомт, нийтийн тээврийн хэрэгслээр орж, гарч байгаа иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Сумдын эрүүл мэндийн байгууллагууд гэрээр үзлэг хийж байгаа. 308 хүнийг үзлэгт хамруулснаас 41 буюу 13,8 хувь нь томуутай байсан бол 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 86 хүний 6 буюу 6,9 хувь нь томуутай гарч, өвчлөл буурсан үзүүлэлттэй байгааг мэдээллээ.

“Шуурхай бүлэг”-т малчдад шаардлагатай байгаа 260 тн өвс, 245 тн тэжээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, эрүүл мэндийн газруудын автомашинуудыг засварлахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Тэс сумын Цагдаагийн хэлтсийг автомшинтай болгох, тусгаарлах байрыг бэлтгэхэд эм, эмнэлгийн болон багаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Exit mobile version