Дэлхий
Saudi Aramco өнгөрсөн онд $161 тэрбумын ашиг олсон нь түүхэн дээд амжилт боллоо
Саудын Арабын газрын тосны аварга компани Saudi Aramco өнгөрсөн онд $161 тэрбумын ашиг олсон нь нээлттэй хувьцаат компаниудын түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр амжилт болжээ.
Энэ өндөр ашиг нь Украины дайнаас үүдэлтэй дэлхий дахины эрчим хүчний хямрал, Оросын эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хоригийн үр дүн юм.
Саудын Арабын эрх баригчдын эдийн засгаа төрөлжүүлэх, газрын тосноос хамаарлаа багасгах төлөвлөгөөнд энэ ашиг том хувь нэмэр болох нь тодорхой.
Saudi Aramco 2021 онд $110 тэрбумын ашиг олж байсан бол өнгөрсөн онд ийнхүү 46.5 хувиар өсгөжээ. Коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд ашиг нь $49 тэрбумд хүрч байсан юм.
2022 онд тус компанийн түүхий газрын тосны өдрийн гарц 11.5 сая баррель байжээ. 2027 онд үүнийг 13 сая баррельд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа Saudi Aramco мэдэгдсэн байна.
Украины дайны улмаас Брент төрлийн түүхий газрын тосны баррелийн үнэ өнгөрсөн оны зургаадугаар сард $120 давж байлаа.
Харин өнөөдөр $82 орчимд хэлбэлзэж байна. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан хямралаас ашиг хүртсэн Saudi Aramco компанийг байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн, хүний эрхийн байгууллагууд шүүмжилж эхэлжээ.
“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болдог чулуужсан түлшний бизнесээс ганцхан жилийн дотор $161 тэрбумыг олно гэдэг санаа зовоомоор үзэгдэл. Оросын өдүүлсэн Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал нүүрлэж, дэлхий даяар амьжиргааны зардал өссөн үед энэ нь бүр илүү цочроосон үзэгдэл юм” гэж Эмнести Интернэйшнл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламар шүүмжилсэн байна.
Тэрбээр бас Саудын Араб дэлхийд хамгийн олон цаазын ял гүйцэтгэдэг, хөрш Йеменд олон жил харгис дайн явуулж байгаа, дотоодын сөрөг хүчнийг хяхан хавчдаг улс болохыг онцолсон байна.
“Энэхүү хэт өндөр ашиг нь хүний эрхийг зөрчих, түүнийгээ нууж хаах, цайруулах зорилгоор ашиглагдах ёсгүй юм” гэж Калламар анхааруулжээ.
Саудын Арабын асар их газрын тосны нөөц нь газрын гадаргад маш ойр байрладаг тул олборлох зардал нь дэлхийд хамгийн багад тооцогддог. Тухайлбал газрын тосны баррель тутмын үнэ $10-оор өсөхөд л Саудын Араб улс жилд $40 тэрбумын нэмэлт орлого олдог байна.
Одоогийн байдлаар Saudi Aramco компанийн зах зээлийн үнэлгээ $1.9 их наяд орчимд байгаа нь дэлхийд зөвхөн Apple компанийн дараа бичигдэх өндөр үзүүлэлт юм.
Тус компани 2019 онд нээлттэй хувьцаат компани болж байв. Гэхдээ ихэнх хувьцааг нь Саудын Арабын засгийн газар эзэмшдэг. Saudi Aramco өнгөрсөн оны санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа өнөөдөр танилцуулах төлөвтэй байна.
Эх сурвалж: Associated Presss