Дэлхий

Израилын түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ

Нийтэлсэн

Өнгөрсөн Бямба гарагт Израиль даяар олон зуун мянган хүнийг хамарсан засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулагджээ.

Энэ нь ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газрын төлөвлөж буй шүүхийн шинэчлэлтийг эсэргүүцсэн арга хэмжээ бөгөөд арав дахь долоо хоногтоо дараалан үргэлжилсэн байна.

Бямба гарагт нийтдээ 500,000 хүн жагсаалд оролцсон нь Израилын түүхэнд бичигдэх үйл явдал болохыг зохион байгуулагчид нь онцолжээ.

Шинэчлэл нэрээр шүүх засаглалд хяналтаа тогтоох гэсэн засгийн газрынхаа төлөвлөгөөг иргэд эрс эсэргүүцэж байгаа юм.

“Засгийн газрын төлөвлөж буй шинэчлэл бол Израилын ардчиллыг нураах оролдлого юм”, “Энэ бол шүүхийн шинэчлэл биш. Энэ бол Израилийг дарангуйллын системд шилжүүлэх оролдлого. Бид үр хүүхдүүддээ ардчилсан Израилийг үлдээмээр байна” гэж жагсаалд оролцогчдын төлөөлөл хэвлэлд ярьжээ.

Бямба гарагт нийслэл Тель-Авив хотод 200,000, Хайфа хотод 50,000, Бэршеба хотод 10,000 хүн гэх зэргээр Израилын олон хотуудад иргэд жагссан байна.

Жагсаалын үеэр Тель-Авив хотын гол гудамжийг хаах гэсэн гурван хүн цагдаад саатуулагдсанаас өөр нийтийн хэв журам зөрчсөн асуудал гараагүй гэнэ.

Ерөнхий сайд Нетаньяхугийн санаачилсан хуулийг баталбал шүүгчдийг сонгон шалгаруулж, томилдог зөвлөлд засгийн газрын оролцоо эрс нэмэгдэх юм.

Хуулийн төсөл эхний хэлэлцүүлгээрээ дэмжигдээд байгаа. Шинэ хуулийн бас нэг санаа зовоосон асуудал нь тус улсын парламент энгийн олонхын саналаар Дээд Шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломж юм.

Хэрвээ шинэ хууль батлагдвал засаглалын хүчний тэнцвэр алдагдаж, засгийн газар хэт их эрх мэдэлтэй болно гэж иргэд үзэж байна.

Мөн авлигын хэргээр шалгагдаж байгаа ерөнхий сайд Нетаньяху өөртөө хариуцлагаас зугтах боломж гаргах зорилготой байж болзошгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт Израилын ерөнхийлөгч Исаак Херцог талуудыг яриа хэлэлцээнд зуучлахыг оролдож, эрх баригчдад хуулийн төслөө буцааж татахыг уриалсан байна.

Израилын парламент Пүрэв гарагт хуулийн төсөл дээр санал хураалт зохион байгуулах юм.

Шүүхийн шинэчлэлт нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэт барууны үзэлт намуудын эвсэж байгуулсан Нетаньяхугийн засгийн газрын нэн түрүүнд хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг ажээ.

 

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version