Дэлхий

Кремлийн элитүүд Украины дайны талаар мэдээлэлд хяналтаа тогтоохоор өрсөлдөж буй тухай ОХУ-ын албаны хүн ам алдав

Нийтэлсэн

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдээллийн албаны дарга Бямба гарагт хэвлэлд ярихдаа Кремлийн элитүүд Украины дайны талаар олон нийтэд өгөх мэдээлэлд хяналтаа тогтоохоор өрсөлдөж буй тухай ам алдсан байна.

“Энэ өрсөлдөөнд элит хүрээнийхэн хүртэл оролцож байгаа” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлснийг Бизнес Газета сонин мэдээлжээ.

Тэрбээр Оросын технологийн салбарын бизнесмэн Игорь Ашмановтой ярилцах үеэрээ ингэж ярьсан байна.

Ашманов эхлээд дайны талаар нэгдмэл мэдээллийг гадагш цацах үүрэгтэй Сталины үеийнх шиг хяналтын тогтолцоо бий болгох санааг дэвшүүлжээ.

Харин Захарова энэ санааг няцааж, ОХУ-ын засгийн газарт одоо болтол Украины дайны талаар мэдээллийг хэрхэн түгээх нэгдмэл байр суурь байхгүй байгааг хэлсэн байна.

Ингэхдээ тэр өөрийнх нь ажилладаг гадаад хэргийн яам Украинд болж буй үйл явдлын талаар шууд мэдээлэл өгөх эрхгүй, ОХУ-ын батлан хамгаалах яам ч бас энэ талаар мэдээлэл өгөх “эрхгүй эсвэл хүсэхгүй” байгаа тухай ярьжээ.

“Захаровагийн ярьсан зүйл Кремлийн түвшинд байдал хүндэрч, мэдээллийн орон зайн нэгдсэн хяналт алдагдаж байж болзошгүй талаар бидний удаан хугацаанд дэвшүүлж буй таамгийг баталж байна. Туршлагатай хэвлэлийн төлөөлөгч Захарова яагаад олон нийтийн өмнө энэ асуудлыг нээлттэй хүлээн зөвшөөрсөн нь ойлгомжгүй байна” гэж Вашингтонд төвтэй Institute of War судалгааны хүрээлэн Ням гарагт гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Дараа нь Захарова өөрийн Телеграмд хуудсанд дээрх хүрээлэнгийн дүгнэлтийг “утга учиргүй”, “хуурамч мэдээлэл” гэх зэргээр няцаажээ.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version