CRI Монгол радио

ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт болов

Нийтэлсэн

ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт 3 дугаар сарын 15-ны орой цахимаар зохиогдож, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тусгай сэдвээр илтгэл тавилаа.

Ши Жиньпин хэлэхдээ, орчин үеийн бүтээн байгуулалтын эцсийн зорилго бол хүн төрөлхтний эрх чөлөөтэй, иж бүрэн хөгжлийг биелүүлэх явдал юм. Улс төрийн намууд ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг зангидаж, ард түмний соёл иргэншил, хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзэлд зохицож, баян чинээлэг, улс төрийн тодорхой нөхцөл байдалтай, оюун санааны хөгжилтэй, амар амгалан нийгэмтэй, экологийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэж, орчин үеийн бүтээн байгуулалтыг ард түмний олон талын эрэлт шаардлага, олон давхаргын эрэлт шаардлагад нийцүүлж, хүн төрөлхтний нийгмийн тогтвортой хөгжлийг ахиулах ёстой.

Модернизаци буюу орчин үеийн шинэчлэл нь цөөн хэдэн орны “патентлагдсан бүтээгдэхүүн” биш, ганц хариулттай сонгох сэдэв ч биш, тиймээс аль нэг орны туршлагыг тэр чигт нь нүүлгэн зээлдэх боломжгүй юм. Улс орон шинэчлэгдэхийн тулд модернизацийн ерөнхий дүрэм журмыг дагаж мөрдөхөөс гадна өөрийн үндэсний нөхцөлд тулгуурлаж, өөрийн гэсэн онцлогтой байх ёстой.

Шинэчлэлийг эрэлхийлж буй аливаа улс орон эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих үзэл баримтлалыг баримталж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцан, хамтаар хожих замаар явах ёстой. Түрүүлж явсан  улс орнууд бусад орны хөгжилд үнэнхүү туслах ёстой. Бусдын чийдэнг унтраагаад өөрийн зам гэрэлтэнэ гэж үгүй, бусдын замыг хаагаад өөрөө хол явна гэж ч үгүй.

Орчин үеийн шинэчлэл тэнгэрээс буухгүй, харин уламжлалаа залгамжилж урагш тэмүүлэн бодит ажил хийж л байж бүтээж биелүүлнэ. Улс төрийн намын үнэт зүйлийн тухай үзэл баримтлал, манлайллын түвшин, засаглалын чадвар, амьжиргааны эрч, итгэл зориг нь улс орны шинэчлэлийн ирээдүй, хувь заяанд шууд нөлөөлдөг.

Хятад маягийн шинэчлэл нь зөвхөн өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурлаад зогсохгүй бусад орны туршлагаас суралцдаг. Тухайлбал түүх соёлыг өвлөн үлдээхээс гадна орчин үеийн соёл иргэншлийг нэгтгэсэн, Хятадын ард түмэнд үр өгөөжөө өгөөд зогсохгүй, дэлхийн нийтлэг хөгжлийг ахиулахыг хичээдэг. Хятад улсын хөгжил шинэчлэл бол улс орноо хүчирхэгжүүлж хөгжүүлэх төдийгүй, хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийн төлөө юм.

ХКН олон улсын шударга ёсыг сахин хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулах болно. Хятад маягийн шинэчлэл нь колоничлолын дээрэм тонуулын хуучин зам, хүчирхэг улс орны ноёрхлын муруй зам биш, харин дэлхийн энх тайван, шударга голч хөгжлийн зам болно.

Бүх улс орны ирээдүй, хувь заяа нягт холбоотой өнөө үед олон янзын соёл иргэншил зэрэгцэн оршиж, харилцан ойлголцож, харилцан суралцаж, хүн төрөлхтний нийгмийг шинэчлэх үйл явцыг ахиулж, “дэлхийн соёл иргэншлийн цэцэрлэгт хүрээлэн”-г цэцэглүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэж байна. Энд би дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлж байна.

Бид дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг хүндэтгэж, соёл иргэншил хоорондын тэгш байдлыг дээдлэн, солилцоогоор дамжин соёл иргэншил хоорондын саад бэрхшээлийг даван туулж, харилцан туршлага судлахаар дамжин соёл иргэншлийн зөрчилдөөнийг давж, хүлцэнгүй байдлаар соёл иргэншлийн давуу байдлыг арилгах ёстой.

Бид хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамтдаа сурталчилж, урагшлуулах ёстой. Энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл мөрөөдөл юм. Бид олон ургалч соёл иргэншлийн үнэ цэнийг багтаамжтай, хүлээцтэй ойлгож, өөрийн үнэт зүйл, загвараа бусдад тулгахгүй байж, үзэл суртлын сөргөлдөөнд оролцохгүй байх ёстой.

Бид хамтдаа соёл иргэншлийн өв залгамжлал, шинийг санаачлахын ач холбогдлыг чухалчилж, улс орон бүрийн түүх, соёлын одоо цаг эрин дэх үнэ цэнийг гүйцэд ашиглаж, орчин үеийн хөгжлийн явцад улс орон бүрийн шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулах ёстой.

Бид олон улсын хүмүүнлэгийн солилцоог, хамтын ажиллагааг хамтаар хөгжүүлж, дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны сүлжээг бий болгохыг судалж, солилцооны агуулгыг баяжуулж, хамтын ажиллагааны сувгийг өргөтгөж, ард түмний харилцан ойлголцлыг ахиулах ёстой.

ХКН улс төрийн намуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхий нийттэй гар нийлэн урагшлах болно. ХКН дэлхийн улс төрийн намууд, улс төрийн байгууллагуудтай солилцоогоо гүнзгийрүүлж, нийтлэг санаа оноо, ашиг сонирхлын солбицол цэгүүдийг байнга нэмэгдүүлж, улс төрийн намууд хоорондын шинэ хэлбэрийн харилцааг байгуулахаар дамжин олон улсын шинэ хэлбэрийн харилцааг дэмжиж, улмаар дэлхийн улс төрийн намуудын түншийн харилцааг бэхжүүлэхэд бэлэн гэжээ.

Exit mobile version