Дэлхий

Крымийн төмөр замаар тээвэрлэж байсан Оросын Калибр пуужингийн цувааг дэлбэлснээ Украины тал мэдэгджээ

Нийтэлсэн

Крым дэх Оросын Хар тэнгисийн флотод хүргэхээр төмөр замаар тээвэрлэж байсан Калибр пуужингийн цувааг дэлбэлснээ Украины эрх баригчид саяхан мэдээллээ.

“Түр эзлэгдсэн Крымийн хогийн хойд хэсэгт орших Жанкой хотын дэргэд болсон дэлбэрэлтээр төмөр замаар тээвэрлэгдэж байсан Оросын Калибр-КН далавчит пуужингууд устлаа” гэж Украины тагнуулын алба Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Ингэхдээ цохилтыг өөрсдөө гүйцэтгэсэн эсэх, ямар зэвсэг хэрэглэсэн талаараа дурдсангүй.

Дээрх пуужингуудаар Оросын Хар тэнгисийн флотын шумбагч хөлгийг зэвсэглэх гэж байсан гэнэ.

Оросоос томилогдсон Жанкой хотын захирагч Игорь Ирвин хотод нь дроноор халдсаны улмаас сумны хэлтэрхийд 33 настай нэг иргэн шархадсан тухай мэдээлжээ.

Энэ үеэр сургууль, дэлгүүрийн байр шатаж, эрчим хүчний холболт тасалдсан тухай тэр орон нутгийн телевизийн сувагт ярьсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Харин Крымийн захирагч Сергей Аксёнов дрон биш, агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай пуужингуудыг Жанкой хот руу харвасан гэж мэдээлжээ.

Гэхдээ аль аль нь зэвсгийн цуваа агаарын цохилтод өртсөн тухай огт дурдаагүй байна.

Харин Украины зарим хэвлэл Жанкой орчимд Ираны Шахед 136/131 дроны хөдөлгүүрийнхтэй адил чимээ сонсогдсоны дараа дэлбэрэлт болсон тухай мэдээлжээ.

Exit mobile version