Нийгэм

Монгол Улсад явган алхалт, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөжээ

Нийтэлсэн

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдвээр судалгаа хийж, үр дүнг өчигдөр танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хотын тээврийн салбарын нүүрсхүчлийн давхар ислийн 2020-2050 он хүртэл ялгарах хэмжээг суурь хувилбар болон одоо баримталж буй бодлогын хувилбарт тулгуурлан тооцоолсон байна.

2015 онд Улаанбаатар хотын зорчигч тээврийн нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын хэмжээ 200,000 тоннд хүрээд байжээ.

Бодлогын хэрэгжилт хангахгүй, шинэ технологи нэвтрүүлэхгүй, суурь хувилбараараа цаашид явбал 2030 онд 500,000 тонн орчим, 2050 онд 900,000 гаруй тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах тооцоо гарчээ.

Харин одоо баримталж буй бодлогын хувилбарыг хэрэгжүүлсэн тохиолдолд уг салбарын хүлэмжийн хийн ялгарал буурч тогтворжих хэдий ч Парисын гэрээ болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж чадахгүй аж. Одоо баримталж буй бодлогын чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, явган хүний зам, унадаг дугуйн зам, авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийг хөгжүүлэх, хувийн тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, нийтийн тээвэр төвт төлөвлөлт хийх зэргийг тусгасан байна.

Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким “Монголын тээврийн салбарын төлөв байдал, ялангуяа хүлэмжийн хийн ялгарлын нөхцөл байдлыг авч үзэхэд, дэлхийн олон хотын зорчигч тээврийн түвшинд тулгамдаж буй асуудлуудтай ижил байна.

Тээврийн салбарын тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлуудын хүрээнд ихээхэн боломж бий. Мэдээж энэ нь шууд маргааш шийдэгдчих асуудал биш. Олон бүрдэл асуудал буюу эрх зүйн зохицуулалт, бодлогын түвшний шийдвэр, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй нийслэл хотын төвлөрлийг сааруулах, иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллах хэрэгтэй. Тиймээс НЗДТГ-аас холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэх, уг зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллах хэрэгтэй болов уу” хэмээв.

Судалгааны үр дүнг танилцуулах үеэр төслийн багийн зүгээс Улаанбаатар хотод хэд хэдэн бодлогын зөвлөмж гаргаж өгсөн юм. Тодруулбал, зорчилт хөдөлгөөний төлөвлөлтийг хийж, хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, газар ашиглалт болон тээврийн төлөвлөлтийг уялдуулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх, авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах тухай зөвлөмжид дурджээ.

Тээврийн нэгдсэн платформоор дамжуулан хувийн тээврийн хэрэгслийг бусадтай хуваалцах, моторт бус тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх, явган алхалт, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна.

Олон улсын тээврийн форум нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд өдгөө 64 гишүүн улс тус байгууллагад бүртгэлтэй аж. Уг байгууллага нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага /think tank/-ын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тэгш оролцоог хангахад тээврийн салбарын гүйцэтгэж буй үүрэг, салбарын бодлогын талаар ухуулан таниулах зорилготой юм. Манай улс 2020 онд тус байгууллагад гишүүн орноор элсжээ.

Exit mobile version