Энтертайнмент

ТикТокын гүйцэтгэх захирал өнөөдөр АНУ-ын конгрессын сонсголд оролцоно

Нийтэлсэн

Хятадын ByteDance компанийн хөгжүүлсэн сошиал платформ ТикТок өнөөдөр дэлхий даяар 1.5 тэрбум хэрэглэгчтэй болоод байгаа.

Өрнөдийн орнууд уг үйлчилгээний цаана Хятадын засгийн газартай холбоотой тагнуулын үйл ажиллагаа нуугдаж байж болзошгүй хэмээн болгоомжлох болсон юм.

Зарим улс орнууд ТикТок аппликэйшнийг төрийн албанд ашигладаг гар утсанд суулгахыг хориглож эхлээд байна.

Уг аппликэйшнийг зөвхөн АНУ-д 150 орчим сая хүн хэрэглэдэг гэсэн баримт бий.

ТикТок компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю өнөөдөр АНУ-ын конгрессын сонсголд оролцож, мэдээллийн аюулгүй байдлын талаар тайлбар мэдүүлэг өгөхөөр болжээ.

Одоо 40 настай, хоёр хүүхдийн эцэг Шоу нь Сингапурын иргэн юм.

Тэрбээр Коллеж Лондон их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгсөөд 2010 онд Харвардын Бизнесийн сургуулийн мастерын хөтөлбөрт хамрагдаж байжээ.

АНУ-д суралцаж байхдаа тэр тухайн үед стартап компани байсан Фэйсбүүкт ажиллаж байсан гэдэг.

Хөрөнгө оруулалтын Голдмэн Сакс банканд хоёр жил ажилласныхаа дараа Шоу 2015 онд Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi компанийн санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж, тус компанийг 2018 онд IPO хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

Одоо тэр ТикТокын гүйцэтгэх захирлаар ажилладаг ба хэсэг хугацаанд ТикТокын эцэг компани ByteDance-ийн санхүү эрхэлсэн дэд захирлаар давхар ажиллаж байсан гэнэ.

Өчигдөр тэр ТикТок хуудсандаа гаргасан видео мэдэгдэлд “Зарим улс төрчид ТикТокыг хориглох тухай яриад эхэлжээ. Энэ нь 150 сая хүнийг ТикТокоос салгана гэсэн үг юм” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version