Дэлхий
Путинийг баривчлах шийдвэрийн хариуд “сүрдүүлэг” сонссондоо Олон Улсын Эрүүгийн Шүүх харамсал илэрхийлэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэрийг Гааг дахь Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Тэгвэл өчигдөр тус байгууллага энэ шийдвэрийнхээ хариуд Оросын талаас “сүрдүүлэг” сонссондоо харамсал илэрхийлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев баривчлах шийдвэрийн хариуд Гааг хот руу дуунаас хурдан пуужин харвах санаа гаргасныг Нидерландын хэвлэлд мэдээлсэн юм.
Даваа гарагт Оросын эрх баригчид бас Путинийг баривчлах шийдвэр гаргасан ОУЭШ-ийн прокурор Карим Хан болон бусад хэд хэдэн шүүгчдэд “хууль бус” шийдвэр гаргасных нь төлөө хэрэг үүсгэн шалгахаар болсныг зарлаж байв.
ОУЭШ-ийн удирдах дээд байгууллагаас гаргасан мэдэгдэлд тус байгууллагыг болон прокурор, шүүгчдийг нь айлган сүрдүүлсэнд харамсал илэрхийлсэн байна.
“Олон улсын ерөнхий хууль тогтоомжоор хориглосон үйлдлүүдэд хариуцлага тооцох олон улсын хүчин чармайлтад саад учруулах оролдлого гаргаж байгаад харамсаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлээд шийдвэртээ эргэлзэхгүй байгаагаа батлан илэрхийлжээ.
ОУЭШ бас Оросын хүүхдийн эрхийн байгууллагын тэргүүн Мария Львова-Беловаг баривчлах шийдвэр гаргасан юм.
Дайн эхэлсэн нэг жил гаруй хугацаанд Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ОХУ руу 16,000 гаруй хүүхдийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн хэрэгт холбогдуулан Путин, Львова-Белова нарыг баривчлах шийдвэр гаргаж байв.
Эх сурвалж: AFP