Covid-19
Хятад улс mRNA технологиор бүтээсэн анхны вакцинтай болжээ
Хятадын засгийн газар тус улсад бүтээсэн анхны mRNA технологийн вакцинд зөвшөөрөл олгожээ.
CSPC Pharmaceutical Group компанийн бүтээсэн шинэ вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгосныг албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлсэн байна.
Цар тахлын үеэр Хятад улс хүн амынхаа дархлаажуулалтад уламжлалт аргаар бүтээсэн вакцин ашиглаж, гадаадад үйлдвэрлэсэн mRNA төрлийн вакцин хэрэглэхээс татгалзаж байсан юм.
Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн вакцинууд орчин үеийн mRNA технологийн вакцинуудтай харьцуулахад коронавирусийн халдвараас сул хамгаалдаг нь олон удаагийн туршилтаар батлагдаж байв.
Дэлхийн улс орнууд mRNA технологийн вакциныг цар тахлын үеэр анх удаа хэрэглэсэн юм. Ингэхдээ АНУ-ын Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн вакцинуудыг ашиглаж байв. Энэ төрлийн вакцин нь “messenger RNA” гэж нэрлэдэг генетикийн кодтой молекулыг дархлаа суулгахад ашигладаг.
Уг молекул нь хүний биеийн дархлааны системд вирус халдварласан тохиолдолд хэрхэн хариу эсэргүүцэл үзүүлэхийг “зааж сургадаг” юм.
Сүүлийн хэдэн жилийн турш Хятад улсын мэргэжилтнүүд mRNA вакцинтай болохоор шаргуу ажиллаж байсан нь ийнхүү үр дүнд хүрсэн байна.
Эх сурвалж: BBC