Нийгэм
Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэх талаар мэдээлсэн.
Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналтай танилцаж байна” гэлээ.
Эргэн сануулахад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Нүүрсний хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна. Иймд тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна” хэмээн мэдээлсэн.