Дэлхий
Шотландыг анх удаа муслим хүн удирдахаар болов
Их Британийн Нэгдсэн Хаант Улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландын эрх баригч нам өчигдөр Хумза Юсафыг өөрийн удирдагчаар сонгожээ.
Ингэснээр Өмнөд Азиас гаралтай цагаачийн хүү, 37 настай тэрбээр Шотландын засаг захиргааны анхны өнгөт арьстан тэргүүн болж байна.
Одоо Шотландын засгийн газрын эрүүл мэндийн сайдаар ажилладаг Юсаф өчигдөр Шотландын Үндэсний Намын дотоод сунгаанд хоёр өрсөлдөгчөө ялсан юм.
Шотландын тэргүүн сайдын албыг найман жил хашсан Никола Старжен өнгөрсөн сард огцрох шийдвэрээ зарлаад байгаа.
Хумза Юсафыг намаа нэгтгэх, Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнээс гаргаж, тусгаар тогтнуулах хөдөлгөөнийг манлайлах хэцүү даалгаврууд хүлээж байна.
Олон жил Шотландыг удирдсан Старжен тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг амжилтад хүргэж чадаагүйгээс гадна трансжендэр хүмүүсийн эрхийн хуулийн төсөл дээр намаа хагаралдуулаад байгаа.
Өчигдөр нэр дэвшсэн гурван улс төрч бүгд Шотландын тусгаар тогтнолын асуудлаар ижил байр суурьтай байсан ч эдийн засаг, нийгмийн асуудлууд дээр өөр өөр үзэл баримтлалтай байжээ.
2014 онд Шотландын сонгогчид Их Британийн харьяанд хэвээр үлдэх түүхэн сонголт хийсэн юм.
Шотландын Үндэсний Нам одоо дахин санал хураалт явуулахаар ажиллаж байгаа. Гэхдээ Лондон дахь төв засгийн газар дахин санал хураалт зохион байгуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд Их Британийн дээд шүүх ийм санал хураалтыг заавал төв засгийн газрын зөвшөөрөлтэй явуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан юм.
Сүүлийн үеийн судалгаагаар шотландчууд тусгаар тогтнолын асуудлаар эн тэнцүү байр суурьтай болсон нь харагдаж байгаа.
Хумза Юсаф нь 1985 оны дөрөвдүгээр сарын 7-нд Глазгоу хотод төрсөн. Түүний эцэг Музаффар Юсаф нь Пакистаны Пунжаб мужийн уугуул бөгөөд 1960-аад оны үед Их Британид цагаачлан ирж байжээ.
Эх сурвалж: Associated Press