Дэлхий

Алибабагийн Жэк Ма эх орондоо буцаж иржээ

Нийтэлсэн

2020 оны аравдугаар сард болсон арга хэмжээний үеэр Бээжингийн эрх баригчдын санхүүгийн зохицуулалттай холбоотой бодлогыг шүүмжилснээсээ хойш Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Жэк Ма гадаадад олны нүднээс далд, нам гүм амьдрах болсон юм.

Тэгвэл 58 настай тэрбумтныг өчигдөр төрөлх Ханьжоу хотдоо буцаж ирсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр Хонконгоор дайран Хятадад буцсан байна. Ма өчигдөр Ханьжоу хотын нэгэн сургуульд зочлохдоо хиймэл оюуны технологи боловсролын салбарт хэрхэн нөлөөлөх талаар ярьжээ.

“ChatGPT болон түүнтэй төстэй бусад технологиуд бол хиймэл оюуны эрин үеийн дөнгөж эхлэл юм. Бид хиймэл оюунаар удирдуулах биш, харин асуудлыг шийдэхдээ ашиглаж чаддаг болох ёстой” гэж энэ үеэр Ма ярьсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Нэгэн үе Хятадын тэргүүн баян байсан Жэк Ма өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн байгуулсан санхүүгийн технологийн Ант Группийн хяналтын хувь эзэмшлээсээ татгалзсан юм.

Үүнийг Маг хэт хүчирхэгжихээс болгоомжилсон Хятадын Коммунист Намын авсан ээлжит арга хэмжээ гэж таамаглаж байгаа.

Өнгөрсөн хоёр жил хагас орчим хугацаанд Хятадын эрх баригчид Алибаба болон Ант Группийн зах зээлийн давуу байдлыг хязгаарлах хэд хэдэн арга хэмжээ авсан юм.

Энэ хугацаанд Жэк Ма хаана юу хийж байгаа талаар мэдээлэл хомс байсан бөгөөд Испани, Нидерланд, Тайланд, Австрали, Япон зэрэг улсуудад үзэгдсэн тухай мэдээ цацагдаж байв.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version