CGTN мэдээ
Алс холын түнш: Гайана
Алс холын Өмнөд Америк тивд нэг сая хүрэхгүй хүн амтай, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өмнөд Америк тивийн анхны улсуудын нэг бөгөөд дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн чухал нефть экспортлогчдын нэг болсон Бүгд Найрамдах Гайана Улс гэж бий. Саяхан тус улсын Ерөнхийлөгч Мохамед Ирфаан Али ХТРТ-д ярилцлага өгч, Хятад, Гайанагийн харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Хятад улсын Латин Америк дахь худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарын шилжилт, ногоон хөгжил болон бусад сэдвээр ярьсан байна.
Өмнөд Америкийн хойд хэсэгт орших Бүгд Найрамдах Гайана улс нь харьцангуй “залуу” улс юм. Тус орон өмнө нь Их Британийн колонийн бүс байсан бөгөөд 1966 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1970 онд бүрэн эрхт улсаа байгуулсан юм. Өнөөдөр 1980 оны дараа төрсөн залуухан ерөнхийлөгч Мохамед Ирфаан Алигийн удирдлага дор Гайана улсын эдийн засаг, нийгэм улам цэцэглэн хөгжиж, ард түмний амьжиргааны түвшин дээшилсээр байгаа нь олон улсын анхаарлыг татсан юм.
Гайана бол БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн Карибын тэнгисийн анхны англи хэлтэй улс юм. Үүнээс хэдхэн жилийн өмнө тус улс үндэсний тусгаар тогтнолоо олж, бүгд найрамдах улсаа байгуулсан түүхтэй. Энэ тухай Мохамед Ирфаан Али “Гайана, Хятад хооронд тогтоосон албан ёсны дипломат харилцааг бид маш чухалчлан авч үзэж ирсэн. Хятад улс Гайанагийн үндэсний хөгжлийн бүхий л үе шатанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн гол нь манай хоёр орон аливааг хөгжиж буй орны өнцгөөс харах, хүн төвтэй хөгжлийг хангахын төлөө хамтран ажиллах гэх мэт олон талын нийтлэг ашиг сонирхолтой байдаг юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн хөгжил цэцэглэлт дээр суурилсан харилцаа биш, нийгмийн, улс төрийн ач холбогдолтой харилцаа юм. Хятад улс бол Гайана улсын хөгжлийн чухал түнш, манай хоёр орны харилцаа маш дотно, бие биеэ маш их хүндэлдэг. Хятад, Гайана хоёр орон олон салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үндэсний эдийн засгийг дэмжээд зогсохгүй ард түмний хөгжлийг ахиулах замыг тодорхойлсон” гэлээ.
2021 онд Хятад, Гайанагийн хоёр талт худалдааны нийт хэмжээ 700 сая гаруй ам долларт хүрсэн тухайд Мохамед Ирфаан Али хэлэхдээ, Гайанагийн засгийн газрын төслүүд төдийгүй хувийн хэвшлийн эдийн засгийн бүтээн байгуулалтад ирэх тусмаа олон Хятадын компани оролцох боломж бий. Хятадын бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, зочид буудал, технологийн өөрчлөлт, мэдлэгийн шингэсэн эдийн засаг, газрын тос, байгалийн хийн салбарыг илүү сонирхож байгааг бид анзаарсан. Манай орны далайн эргийн байгалийн хийн төслийн тендерт Хятадын олон компани оролцсон. Олон салбарт Хятадын хөрөнгө оруулалт хийгдсэн бол ирээдүйд зарим ажил төрлийн салбар илүү сонирхол татах болно гэжээ.
Олон жилийн турш барууны хэвлэлээр “Хятад улс Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутаг, тэр дундаа Гайанагийн эдийн засагт “шинэ колоничлол” тогтоож байна хэмээн мэдээлсэн холбогдуулж Мохамед Ирфаан Али “Хэрвээ үнэн тийм бол Хятад улсын илүү их хөрөнгө оруулалтыг хүсэн хүлээж байна гэж би лав хэлэхгүй байсан. Хятад улсын хөрөнгө оруулалт бол хөгжиж буй орнуудын хөгжил дэвшлийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Бидний хүсээд байгаа зүйл бол даруй Хятад улсын хүсэж буй зүйл, тухайлбал хөрөнгө оруулалтаар улс орнуудын ард түмэнд хамгийн их ач тус хүртээхийн зэрэгцээ, өөрийн хөгжлөө ахиулах явдал юм. Тиймээс Гайана, хятадын харилцаа улам нягтрах л болно. Энэ бол миний байр суурь” гэлээ.