Энтертайнмент
Лабораторид гаргаж авсан арслан зааны махыг музейд байрлуулав
Устаж алга болсон арслан зааны ДНХ дээр суурилан лабораторид гаргаж авсан асар том “бөөрөнхий мах”-ыг өчигдөр Нидерландын шинжлэх ухааны Nemo музейд байрлуулжээ.
Үүнийг Австралийн хиймэл мах үйлдвэрлэлийн Vow компани бүтээсэн юм байна.
“Бид хүмүүсийн авч чадахаас тэс өөр зүйл бүтээж үзүүлэхийг зорьсон юм” гэж Vow компанийн үүсгэн байгуулагч Тим Ноаксмит тайлбарлажээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд устсан арслан зааныг сонгосон нь хүмүүс хиймэл мах хэрэглэдэг болохгүй бол бас байгалийн ийм гамшиг хүлээж байгааг сануулах зорилготойг тэр бас хэлсэн байна.
Тус компани хонины эсүүдэд арслан зааны миоглобин хэмээх генийг нэмэх замаар махыг ургуулжээ.
“Миоглобин бол махны амт, өнгө, үнэрийг бүтээгч үүрэгтэй ген” гэж Vow компанийн шинжлэх ухаан хариуцсан захирал Жэймс Риалл тайлбарласан юм.
Vow компани олж авсан арслан зааны ДНХ-ийнхээ зарим дутуу хэсгийг Африкийн зааныхаар орлуулсан гэнэ.
Гэхдээ тэдний бүтээсэн арслан зааны махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй юм байна.
Тухайлбал маханд орсон 4,000 жилийн настай уураг өнөөдрийн хүнсний аюулгүй байдлын стандартад нийцэхгүй гэж Vow үзэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд лабораторид ургуулах замаар гаргаж авсан амьтны махыг хүнсэнд хэрэглэх явдал бага багаар нэмэгдэж байгаа. Уламжлалт мал аж ахуй нь дэлхийн дулаарлын нэг хүчин зүйл болдог гэж үздэг тул мах хэрэглэхээс татгалзах, эсвэл лабораторийн аргаар гаргаж авсан махыг хүнсэнд хэрэглэх явдал цаашдаа нэмэгдэнэ гэж судлаачид үздэг.
Эх сурвалж: Reuters