Энтертайнмент

Б.Тамир: Миний ээж Монголын балетын урлагийг дэлхийд таниулсан ч их ядуу амьдарсан даа

Нийтэлсэн

Юндэндоржийн Оюун БНМАУ-ын Ардын Жүжигчин, XX зууны манлай балетчин юм. 1993 оноос ХБДС, УДБЭЧ-д багшаар ажиллаж байгаад өвчний улмаас 2000 онд нас нөгчжээ гэх түүний намтар wikipedia-д буй. Тэрээр хоёр хүүтэй. Түүний отгон хүү дуучин, жүжигчин СТА Б.Тамиртай ярилцлаа. 

-Таны хүүхэд насны хамгийн жаргалтай мөчүүдээс яриагаа эхэлье?
-Би гурван настайгаасаа буюу ер нь багын дурсамжаа их тод санадаг. Хүүхэд байхдаа ардын дуу бүжгийн чуулгын “Нарны домог”-ын хурдан морь унаач хүүхэд, дуурийн театрт бол “Хунт нуур” балетын хатны хормой зөөгч хүүхдийн дүрээс эхлээд тайзан дээр багаасаа гарсан. Түүнийхээ буянаар хоёр ч байгууллагаас шинэ жилийн бэлэг авчихдаг хүүхэд явлаа. Урлагт зүтгэхийн үнэ цэнэ, сайхныг нь багаасаа мэдэрч өссөн гэхүү дээ. Ээж, аавынхаа ажил дээр байнга очдог.

Миний аав Г.Баясгалан гэж амьдралаа спорттой холбосон, бөхийн чөлөөт барилдааны багш, мэргэжлийн дасгалжуулагч хүн байсан. Би аавыгаа баярлуулах гэж нэг хэсэг барилдаж үзсэн л дээ. Өсвөрийн аварга, Улсын аваргын тэмцээнд тус тус нэг орж нуга даруулсан.(инээв) Хүсэл сонирхол маань урлаг тал руу давамгайлж байсан учир спортоор амжилт гаргахгүйгээ мэдээд больсон.

Би айлын бага хүүхэд эрх гэсэн хандлагад харин дургүй шүү. Эрхлэх ч зав олдоогүй дээ, миний бага нас. (Инээв). Гэхдээ л жаргалтай өссөн. Машин тэрэг одоогийнх шиг их биш, хот ч тайван, аюулгүй байж. Гүйж гараад хаа дуртай газраа тоглоно. Тоглоомоо өөрсдөө бүтээнэ. Жишээ нь тэвэг байна. Тугалга олно, онцгүй хэлбэртэй бол хайлуулна, нүхэлнэ, төмөр утас олно, нэхийгээ олж хайчилна, бооно гээд л аргагүй бүтээлч байсан байгаа биз? Одоо бол бүх тоглоом нь бэлэн.

Аав ээж хоёр маань маш их ажилтай, завгүй хүмүүс байлаа. Эмээ минь ах бид хоёрыг өсгөсөн дөө. Намайг 6, ахыг 12 нас хүртэл харж, манай гэрийн арын албыг бүрэн хариуцсан Б.Сономжав гэж сайхан буурай байлаа. Аавын минь ээж л дээ. Тухайн үед дуурийн театр маш их ачаалалтай, хагас бүтэн сайн болгонд томоохон балет, дуурийн тоглолттой. Өглөө дасгал, өдөр прогон гээд л ээж маань үнэхээр их ажилтай. Аав ч тэмцээн, зохион байгуулалтын ажил гээд оройхондоо л гэрийн бараа харцгаана.

Мөн хоёулаа АИХ-ын депутатаар сонгогдож ажиллаж байсан үе ч бий. Бусад айлууд амралт, баяр ёслолын үеэр хамаатан саднаараа цугладаг бол манайх эсрэгээ, аав ээж хоёр бараг үзэгдэхгүй шүү дээ. Эмээтэйгээ л үлдэнэ. Орой гэртээ цуглацгааж, өдрийн болсон явдлаа ярилцан халуун ам бүлээрээ ширээ тойрон суудаг байсан минь их сайхан дурсамж юм даа.

Ээж аав хоёр гадаад явж ирээд чемоданаа задлах бас гоё. Чемоданы үнэр гэж янзтай. Гоё бэлэг, бохьтой ирнэ. (инээв). Хэдийгээр би одоо өөрийн гэр бүлээс халуун дулаан уур амьсгалыг мэдэрдэгч гэсэн тэр л үе сэтгэл зүрхний угт үлдэж дээ. Ээж минь яг л миний дотны найз шиг минь байдагсан. Одоо ч миний багын найзууд, ангийнхан “танай ээж” тийм сайхан ааштай, ийм хүн байсан гэж байнга дурсан ярьдаг.

Ээжийг хоол хийхэд би их тусална. Олон дуу зааж өгдөг байж билээ.  Хоёулаа дуулаад л… “Гандий мод”, “Арван тавны сар” зэрэг аавынхаа аялдаг байсан ардын богино дуунуудыг ээж надад зааж өгдөгсөн.

-Эцэг эхчүүд хүүхдээ урлагийн боловсролтой болгохыг зорьдог болсон. Та ээжийнхээ хэвлийд байхаасаа урлагаар “амьсгалж” байж гэж хэлж болохоор санагдлаа? 
-Тийм шүү. Ээж минь намайг тээж байхдаа Большой театрт бүжиглэж явсан. Москвагийн ОУ-ын тэмцээнд оролцож, 27 орноос тавдугаар байрт шалгаран, хүрэл медальтай ирсэн гэдэг.

-Таны бодлоор балет гэж юу вэ? 
-Техник, ур чадвар шаардсан маш хүнд мэргэжил. Нэг удаа тайзан дээр гарах нь уурхайчин хүний 18 цагийн хөдөлмөртэй тэнцдэг гэдэг шүү дээ. Хүнд харагдахдаа маш тансаг, эрхэмсэг ч асар их тэвчээр шаарддаг. Хөшигний ард цусаа, хөлсөө урсгасан олон өдрүүдийн хөдөлмөр байдаг.

-Ээж тань сургуулилтаа гэртээ давтдаг байв уу. Хүнд хэцүү нь танд яаж мэдрэгддэг байсан бэ? 
-Өглөө зарим үед ажил дээр нь би дагаад очно. Каскины доторх хөл гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Хөлөө тулгана, шархална. Эвэрших бол энүүхэнд. Хөлс хүчээ хэчнээн их дуслуулж, ядрах зүдрэхийг нь нүдээрээ харж өссөн дөө. Хөгжилтэй улс орнуудад урлаг, спортынхонд дагнасан эмч, бариач, тухайн чиглэлээрээ мэргэшсэн мэргэжлийн том баг ажилладаг. Манайд бол байгаагүйтэй адил байсан шүү дээ. Одоо ч гэсэн бараг хэвээрээ л болов уу даа.

До нот яаж сонсогддогийг бодитоор дуугаргаж үзэх хөгжим байхгүй бол хүүхэд хэчнээн дэвтэр дээрээ зурж будаад ямар үр дүнтэй байх вэ

Балет хэр баргийн хүний хийх ажил биш, хатуу шүү. Одоо цагт ялангуяа охидыг балетын дугуйланд явуулж буй нь цөөнгүй харагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ хүчилж байвал утгагүй. Хүүхэд өөрөө дурлаж байвал би үгүйсгэхгүй. Наанадаж л биеэ цэх авч явна. Хатуужил, хүмүүжил олно. Урлагаар замнасан хүүхэд олон талаараа зөв төлөвшдөг. Энэ миний л бодол л доо. Хүн хүүхэд насаа хүүхдээрээ л өнгөрөөвөл гоё. Супер хүн болгох гэж хэт хүчилж буйг хараад би буруу гэж боддог юм. Аав ээжийнхээ чадаагүйг чадах, үргэлжлүүлэх гэх мэт үгс байдаг даа. Үүнд би дургуй. Хүүхэд оролдож буйгаад л дуртай зүйлээ олно. Эцэг эхчүүд дэмжих хэрэгтэй байх.

Миний амьдрал бол минийх, хүүгийнх бол түүнийх л шүү дээ. Би хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань МУ-ын Консерваторын балетийн ангид суралцаж байна. Бага охин маань одоогоор бүжиглэх гээд л оролдоод байгаа. Хүү маань жүдо бөхөөр хичээллэдэг. Би ажиглаж л байна. Хүүхэд олон талаар хөгжих ёстой. Яваандаа аль сонирхолтой зүг рүүгээ чиглэнэ шүү дээ. Хүчилж л хэрэггүй.

-Та дуучин, бүжигчин, жүжигчин гээд олон талын авьяастай юм. Яагаад циркчин болъё гэж шийдсэн юм бол? 
-Өссөн орчин их нөлөөлсөн л дөө. Манайх 5-р хорооллын айл, цирктэй их ойрхон байв. Бид гэр бүлээрээ цирк их үздэг байсан. Тоглолтын дараа гэртээ ирээд л дэрээ хөлөөрөө шидээд л, циркчин болж тоглоно. 1993 онд ээж минь Дуурийн театраас Б.Жамьяндагва гуай, хэсэг уран бүтээлчдийн хамт тусдаа гарч “Монгол балет холл” театрыг байгуулсан. “Сүйрлийн дараах амьдрал” бие даасан тоглолт хийсэн юм. Энэ үеэр ээжийгээ даган гүйж яваад л Б.Янжинбилэг багштайгаа таарч, шавь нь болж байлаа.

Би ахтайгаа 24 жил уулзаагүй. 1996 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс руу явсан.

Дугуйлан сургалтаар 1997 он хүртэл явж байгаад циркийн сургуульд /средний/ дунд ажиллах хүн хэрэгтэй боллоо гэдгийг сонсоод, шалгалт өгөн орж байсан. Харамсалтай нь сургуулиа төгсч чадаагүй. Учир нь аав маань Хятадын Чин-Хай мужруу Олимпийн хорооны томилолтоор мэргэжилтэн багшаар явах болсон тул, намайг гэртээ ганцаараа үлдэж чадахгүй гээд аваад явчихсан юм.

Манай анги циркийн сургуулийн 16-дахь төгсөлт. Анхны бөгөөд сүүлийн анги. Учир нь манайх агаарын гимнастик, акробат, тэнцвэр, сул утас, жонглёр гээд циркийн үндсэн таван төрлөөр мэргэшин, шигшигдээд номерт хуваарилагдсан туршилтын азтай анги юм. Манай ангиас амжилттай яваа циркчид олон бий. Чингэлтэй дүүрэгт гэр хороололд, циркийн бэлтгэлийн байр байгуулсан Б.Золбаяр байна. Түүний “Troupe Zola” хамтлаг дэлхийн циркчидийн олимп гэгддэг Монте Карлогийн 44-дэх наадмаас хүрэл алиалагч авч түүхэнд бичигдлээ. Ганцхан энэ ч гэлтгүй циркийн А зэрэглэлийн олон арван шагнал, дэлхийн циркийн рекордуудыг эзэмшиж байна.

Б.Ганжуур нарны цирк буюу Cirque du Soleil-д тоглохын хажуугаар багш, дасгалжуулагчаа хийж байна. Миний хувьд циркийн карьераа 2000 онд Солонгосын Чэ-Жү аралд (джигит) морин дээрх үзүүлбэрээр төгсгөсөн дөө. Н.Болдбаатар багшийнхаа удирдлаган дор морин циркийн иж бүрэн барилга бариулж, тоглолтоо эхлүүлж байсан маань сайхан дурсамжуудын маань нэг юм даа. Одоо ч тэнд манай циркийнхэн үргэлжлүүлэн тоглож байна. Тэндээс Монголд ирээд нэг их удалгүй ээжийгээ бурхны оронд үдсэн дээ. Би 19-тэй,  ээж минь 49 настай байж ээ. Ээж минь 1993 он хүртэл балетаа бүжиж, түүнээс хойш багшийн замналаар амьдарч байсан.

-Ээж тань ажлын онцлогоос шалтгаалан тэтгэвэрт эрт гарсан уу?
-Өнгөрөн өнгөртлөө улсаас 9600 төгрөг л авч байсан. Эрт тэтгэвэрт гарсан ч нас нь хүрээгүй гээд дүйцүүлэх аргаар ч бил үү тооцож байсан шиг санагдаж байна. Манай ээж ч гэлтгүй урлагийнхан дунд миний ээж шиг улсдаа зүтгэж зүтгэчихээд тэтгэврээ ч авч чадаагүй одсон нь олон.

Ходоодны хорт хавдар гэж өвчнөөр ижийгээ алдсан даа. Энэ өвчин нэлээн эртнээс эхэлсэн байх гэж боддог юм. Тэр их ачаалалтай ажлын хажуугаар тав тухтай хооллодоггүй байсан ч байж мэднэ. Чөлөө завгүй л гүйдэг байсан санагддаг. Жилдээ нэг удаа иж бүрэн шинжилгээ сайд нарын 2-р эмнэлэгт хийлгэдэг. Хэвтэж эмчлүүлдэг байсан хүн шүү дээ. Гэнэт л идсэн ууснаа бөөлжиж гаргаад байх болж. Их гүргэр хүн дээ. Энэ нь ч өвчин хүндрэхэд нөлөөлсөн байх гэж боддог юм. Би Чежүд тоглолттой явж байсан. Найз нь шинжилгээ өгөхийг зөвлөөд, өгтөл эцсийн шатандаа орсон байсан.

Намайг явахад зүгээр байсан. Ирэхэд ходоодыг нь тайрчихсан байсан ч тэгтлээ дордоогүй байв. Гэнэт л мууддаг юм билээ. Өдөр өдрөөр дордсон. Би сүүлийн мөч хүртэл ээжтэйгээ хамт байсан даа.

-Ах нь хаана байсан бэ?
2000 онд ээж хагалгаанд ороход ах ирээд асарч байгаад явсан. Харин би ахыг буцсанаас 7 хоногийн дараа Чэжүгээс ирсэн.

Би ахтайгаа 24 жил уулзаагүй. Миний ах ХБК-ийн ардын бүжгийн ангийг төгссөн. 1996 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс руу явсан. Одоо тэнд эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байна. Циркийн экстрим үзүүлбэр хийдэг юм. Нэг л их өндөрт дүүлсэн амьтан бий дээ (бичлэг үзүүлэв). Нисдэг хүн гэдэг агаарын гимнастикийн үзүүлбэрээр анх ӨАБНУ руу явсан юм. Монгол Улсын иргэн хэвээрээ. Хамгийн ойрдоо Монголын элчин сайдын яам Арабын Эмиратад байдаг. Их л хол байгаа даа, ах минь.

Аав ээж хоёр минь тэнгэрийн оронд хамтдаа байгаа болов уу гэсэн гэгээн бодол төрдөг юм.

Ээжийгээ асарч байхдаа өвчин гэдэг чинь ямар айхтар эд болохыг мэдэрсэн дээ. Ээж минь өдрөөс өдөрт турж эцэн, туйлдаж байв. Дусал дуслаар сүү ууна, сүүлдээ яриа нь ойлгогдохоо болилоо. Хүн чинь ярихдаа хүртэл хүч гаргадаг юм билээ.

Өвчин намдаагчаас өөр эмчилгээгүйг харах… Ээж минь “Би хүүгийнхээ гар дээр байна даа” гэж амар тайван байсан болов уу гэсэн өег бодол тээж явах юм даа. Сүүлийн  мөчүүдэд өөрийгөө гадарлаж байсан байх, “надаас хойш аавыгаа л харж хандаж яваарай” гэсэн нь сүүлийн захиас байсан.

Ээж минь өнгөрснөөс хойшх хоёр жил хар дарсан зүүд шиг л байсан. Хоёр эрэгтэй хүн хоцорч байгаа юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс сэтгэлийн хат муутай юм билээ. Аав маань сэтгэлээр унаж нэлээн хэцүүхэн байдалтай 2-3 жил болсон. Энэ байдлаас нь гарахад нь аавтай минь ханилан суусан Б.Ариунаа эгч маань их тусалсан даа. Аавыг минь ээжээс хойш ганц харж хандаж байсан тэр хүнд би талархаж явдаг. Аавыгаа би өнгөрсөн оны 7-р сард гэнэтхэн алдлаа.

Аав ээж хоёр минь тэнгэрийн оронд хамтдаа байгаа болов уу гэсэн гэгээн бодол төрдөг юм. Түүнчлэн үхэл бол дараачийн амьдралын эхлэл гэж буддын гүн ухааны “Бардо Тойдол” сударт бий. Тэгэхээр хүн үхлийн тухай нэг биш удаа бодож, бас бэлтгэсэн байх ёстойг ойлгосон доо. Бид хэзээ ч энэ амьдралыг орхиж болно. Энэ бие бол дээл шиг, хувцас шиг л эд шүү дээ.

-Танд эцэг эхийнхээ амжилтыг гүйцээх эсвэл давуулах ёстой зэрэг бусдын зүгээс дарамт мэдрэгддэг үү? 
-Ихэнх хүмүүс намайг ардын жүжигчний хүүхэд хөрөнгө чинээтэй, баян байх гэсэн нүдээр хардаг. Энэ хандлага хамгийн хэцүү. Харин намайг багаас минь мэдэх хүмүүс бол өөр л дөө.

-Танд хамгийн дотно, түшигтэй байдаг хүн хэн бэ? 
-Ээжийн минь найз Энхээ эгч, аавын ангийн Оюунсүрэн эгч маань байна. Урлагийнхнаас жүжигчин Болдбаатар ах, “Mongolia Entertainment”-ийн Бааска ах нараа хэлнэ дээ. Ялангуяа Болдоо ах, ахын эзгүйд ах минь болж явна. Явсаар явсаар бид хоёр хамаатан болж таарсан шүү. Сайхан найз нөхөд олон бий. Гэхдээ би бусдаас тусламж авах дуртай хүн биш. Жаахан зожигдуу талдаа.

Зожигрох, ганцаараа байна гэдэг бас сайн талтай. Бодож эргэцүүлэх, өөртэйгөө ярих хугацаа олдож буй юм болов уу даа. Одоо миний хувьд яг л ийм цаг үе тохиож байна. Өнгөрсөн оны 7-р сард аав минь өнгөрснөөс хойш би ажил хийсэнгүй. Учир нь аав минь хүүхдүүдийг маань сургууль соёлд нь зөөдөг байсан. Одоохондоо манай хүүхдүүд бага ангийн сурагчид учраас өөрөө сургуульд нь өгч, авч байна.

Хүүхдүүдийнхээ дуртай хоолыг хийж өгөөд л, эхнэрээ ирэхэд халуун хоол цайтай угтаад л (инээв). Өвчингүй, халуун ам бүлээрээ, сайхан л байна. Ер нь Монголд ямар ч байгууллагад ажиллахад нэг л их сайхан нэр, гоё ажил хийдэг нэртэй, сайхан сэтэртэй. Яг тоолдог нь амьдралд хүрэлцэх нь асуудалтай. Үүний оронд үр хүүхдэдээ цаг гаргаад, хааяа арга хэмжээнүүдэд хөтлөгчөөр ажиллах, ая дуугаа өргөчихөөд чөлөөт уран бүтээлч байх нь дээр ч юм шиг.

-Урлаг хатуу гэж сонсож байсан юм байна. Энэ үнэлэмжтэй холбоотой гэж та боддог уу? 
-Яг санхүүтэй холбож ойлгохоос илүү хүлээн зөвшөөрөгдөх тухай байх. СУИС-ийг 10 хүүхэд төгслөө. Хэд нь урлагаараа хоолоо олж, хэд нь олонд танигдаж байна вэ. Монгол Улс ганцхан театртай шүү дээ. Тэрийгээ нураах гээд байдаг. Энэ бишээ. Засаж сайжруулъя гэж шийдвэл арга зам бий л байх. Театр өөрөө асар их энерги, адис жанлавтай газар шүү дээ. Үнэрээс нь эхлээд л урлагийн сүнс нь оршиж байгаа. Одоо цирк руу ороход бидний хүүхэд байсан үеийнх шиг үнэр байхгүй. Морь малны зүчээ, амьтны үнэр үнэртдэг байсан. Циркийн уур амьсгал шал өөр, амьд байсан.

-Та юу мөрөөдөж байна? 
-Зураачид урлантай байдаг шиг өөрийн орон зай болох урлагийн заалтай болохыг зорьж байна. Намайг хүрээлж байдаг уран бүтээлчдийн хэн нь ч бай ирээд, урлагийн тухай яриа өрнүүлж, бэлтгэл сургуулилт, сургалт хийх дундын оффис, орон зайтай болохыг зорьж байна. Одоогоор байрлал, газраа судалж байна. Мөн хамтрах хүнээ хүлээж байна.

Би хүүхдүүддээ дурсамж үлдээхийг хичээж байна. Манайх задгай мөнгөө цуглуулдаг л даа. Саяхан би хүүхдүүдтэйгээ явган аялал хийгээд, уулын оройд гарч, хамтдаа газраа сонгоод зоосоо нуусан. Миний хоёр хүү том болоод олоорой гээд л. Хүүхдүүдийн хувьд хэзээ ч мартахгүй адал явдал юм даа.

-Жүжигчин хүний хүүхэд жүжигчин байх нь элбэг ч юм шиг. Таны ээж урлагаас өөр мэргэжилтэй байсан бол?
-Би бараг дуу хуур, цирк хөөж явахгүй байх шүү. Хүнд орчин маш их нөлөөлдөг. Хүүхдүүд аав ээжээсээ л үлгэр дуурайлал авна. Гэхдээ магадгүй барилгачин хүн хүүхдээ авч яваад балет үзүүлдэг бол бас өөр. Тэр хүний урлагт хандах хандлага бас өөрчлөгдөж болно шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхдээ урлагийн мэдрэмжтэй болгохыг чухалчилж байна? 
-Олны танил хүмүүсийн амьдрал маш түргэн хугацаанд нэр алдартай болоод, мөнгө олж байгаа мэт хөнгөн харагддаг байж болох юм. Энэ нь магадгүй хүүхдээ циркийн дугуйлан руу хөтөлж буй нэг шалтгаан байж мэднэ. Гэтэл цирк мэдэхгүй хүмүүс уран нугаралт зааж байна. Энэ их осолтой. Хүүхдийн нурууг гэмтээх вий, насан туршийн өвчин зовуурьтай болговол яана.

Цирк мэдэхгүй хүмүүс уран нугаралт зааж байна. Энэ их осолтой.

Эцэг эхчүүд нугараачид гадаад их явдаг, мөнгө их олдог гэж шуурч байна. Жишээлбэл, дуучид ямар замналаар явж, яаж нэр алдарт хүрснийг, нэг дууг хэдэн сая төгрөгөөр дуулах хүртлээ яаж хөдөлмөрлөснийг мэдэхгүйгээр яг тийм болгох гэж хүүхдээ шахдаг. Энэ бол шунал.

Урлагийн боловсролтой байх нь хүнд илүүдэхгүй. Би хүүхдүүдээ заавал урлагаар яв гэхгүй ээ. Гэхдээ надаас эс шалтгаалаад үнэхээр авьяастай бол өөрөө тодроод гараад л ирнэ. Хэн ч хааж чадахгүй шүү дээ. Манай хүүхдүүд улсын сургуульд сурдаг. Дэвтэртээ нот бичсэн харагддаг юм. Гэхдээ до нот яаж сонсогддогийг бодитоор дуугаргаж үзэх хөгжим байхгүй бол хэчнээн дэвтэр дээр зурж будаад ямар үр дүнтэй байх вэ гэдэг нь гол асуудал. Улс маань хүүхэд бүрийг хөгжимтэй болгох хөрөнгөгүй л гэж байна. Байнга иймээрээ байхгүй. Урлагийг дэмждэг, хөрөнгө зардаг болох байлгүй дээ.

Одоо ч балетчдийн үнэлэмж бага л байна. Балетынхан авьяас, чадалтай эрчүүдээ гадагш алдаж дууслаа. А.Хангай, О.Лхагва (Япон), Б.Болд (АНУ) гадны оронд хөдөлмөр, авьяас чадвараа үнэлүүлээд мундаг явж байна. Гэтэл Монголд сарын 400, 500 хан мянган төгрөгөөр эрэгтэй хүн яаж өрх гэр толгойлж, амьдралаа авч явах вэ? Монгол хүн эх орондоо хөдөлмөрлөж, түүнийгээ үнэлүүлмээр байна шүү дээ.

-Бусад хүмүүс төдийлөн анзаараагүй, таны л мэдэх ээжийн тань тухай ҮНЭН юу вэ? 
-Хүнд дотоод харамсал гэж бий. Ээжийн минь бүжиглэхээ больсон тэр хэсэг үе бол Оюун гэж хүн гээгдчихсэн мэт л байсан. Одоо цаг үе арай өөр болж байна. Эрхэм хүмүүс гээд урьж залаад, сар шинээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байгаа харагдах юм. Сор болсон олон жүжигчид, уран бүтээлчид үгээгүй ядуу байсаар дууссан жишээг сонссон л байх.

Зарим улс төрч нөхдүүдийн хөрөнгө орлогын мэдээлэл, тэр оймсноос гарсан долларыг хараад би их бухимддаг. Тэд хэн юм бэ? Юу хийж бүтээсэн юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог шүү. Яаж хөрөнгөжсөн нь сонирхолтой. Гэтэл миний ээж Монголын балетийн урлагийг дэлхийд таниулсан хүн. Үгээгүй ядуу л амьдарлаа шүү дээ, хатуухан хэлэхэд… Тэд хэдхэн жилийн дотор тийм их хөрөнгө хуримтлуулсан байхад миний аавын тив, дэлхийн тэмцээний тэр олон медаль яаж үнэлэгдсэн бэ? Ээж минь ч ялгаагүй. Үр хүүхэд төрүүлэх эрхээ хүртэл хянуулан байж зүтгэснээ яаж үнэлүүлэв? Тэд минь зуслангийн сөөм газар ч гүй, улсаас нэг өрөө байр ч гүй л байв. Үзэгчид мундаг, гоё л гэж хардаг.

Дотроо зовж л байсан байхдаа.Үр хүүхдэдээ нэг өрөө байр ч болов үлдээчих юмсан гэж…

Үнэн л энэ. Монголын хөгжлийн төлөө өөрийгөө зориулсан, гавьяатан, дэлхийд данстай хэдхэн хүнээ анхаарч, үнэлээсэй. Би цаг үеэ буруутгаад байдаггүй л дээ. Улам сайхан болно гэдэгт итгэдэг. Миний ээж Монголын балетын урлагт тод мөрөө үлдээсэн, дэлхийд бахархам дүр, түүхийг бүтээсэн гайхамшигтай эмэгтэй. Гэхдээ цаг үеэ олж төрөөгүй юм болов уу даа. Нэг бодлын азтай, бас азгүй.

-Ярилцсанд баярлалаа.

“Ю.Оюун асар богино хугацаанд дэлхийн сонгодог урлагийн сор болсон Хунт нуур, Дон Кихот, Шелкунчик, Үнсгэлжин, Нойрсож буй гүнж зэрэг бүжгэн жүжгийг амьдруулахад ҮНЭЛЖ БАРШГҮЙ хувь нэмрээ оруулсан шилдэг жүжигчин болсон юм. Тэр үед эх орон нь Оюунаараа нэн ч их бахархсан. Тэр хүртэлх нөр их хөдөлмөрөөс хүртсэн алдар гавьяа болох Ардын жүжигчний цол тэмдгийн хоосон хайрцгийг хүү нь өнөөг хүртэл хадгалжээ” гэж түүний тухай баримтат нэвтрүүлэгт дурджээ. (Гурван медаль, хоёр тэмдэг нь Дуурийн театрт болсон олон улсын фестивалийн үеэр алга болжээ).

Ю.Оюун… Тэрээр  баллет, сонгодог урлагт зүрх сэтгэлээ өгч, залуу нас, бүхнээ зориулжээ. Бас дурлаж, яг л ХУН шиг.

Exit mobile version