Нийгэм

М.Бадамсүрэн: Петрочайна автомашин осолдож, газрын тос хөрсөнд асгарсныг НУУН ДАРАГДУУЛСАН

Нийтэлсэн

Дорнод аймагт газрын тос олборлодог “Петрочайна Дачин тамсаг” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж ан амьтан үй олноор үхэr үрэгдсэн эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн албан ёсны сошиал хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Тэрбээр “Хорогдсон цагаан зээрийн сэг зэмийн талаарх мэдээллийг харъяа сумын эрх бүхий албан тушаалтан, Мал эмнэлэг, Байгаль орчны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр булах үйлдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Зүй нь үйл ажиллагаа явуулж буй талбай орчимдоо хорогдсон мал, амьтны сэг зэмийн талаар мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгч, хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлох шинжилгээнд хамруулж, дүгнэлтийг үндэслэн халдваргүйтгэл хийж зөвшөөрөгдсөн цэгт булж устгах зохицуулалттай.

Өмнө нь мөн газрын тос тээвэрлэлтийн автомашин осолдож түүхий тос газрын хөрсөнд асгарсныг нуун дарагдуулсан байсан.

Иймд аймгийн Цагдаагийн газрын Экологийн Цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Халхгол сум, Матад сумын ЗДТГ-аас мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21,19 дүгээр талбайд газар дээр нь шуурхай ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд тус талбайнуудад ажиллаж байгаа болно” гэжээ.

Exit mobile version