Дэлхий

Санкт-Петербургийн кафед болсон дэлбэрэлтийн үеэр Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг алагджээ

Нийтэлсэн

Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг алдартай блогчин Владлен Татарский өчигдөр Санкт-Петербург хотын нэг кафед болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ.

Тухайн үед кафед Татарскийн олон нийттэй уулзах арга хэмжээ зохион байгуулагдаж байсан байна. Уулзалтад оролцогчдын дундаас нэг эмэгтэй хайрцагт хийсэн баримлыг Татарскийд бэлэглэсэн нь тэсрэх бөмбөг байсан тухай гэрчүүд мэдээлжээ.

Арга хэмжээнд 100 орчим хүн оролцож байснаас 19 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр шархадсан тухай Оросын мөрдөн байцаах товчоо мэдээлсэн байна.

Сошиал орчинд “Оросын мэдээллийн дайчид” гэж өөрсдийгөө нэрлэдэг “Cyber Front Z” бүлэг уг арга хэмжээг зохион байгуулахаар кафег бүхэлд нь түрээслээд байжээ.

“Энэ бол террорист халдлага байлаа. Бид аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан ч харамсалтай нь хангалтгүй байв. Дайны шилдэг сурвалжлагч, бидний анд Владлен Татарскийг мэддэг хүн бүхэнд гүн харамсал илэрхийлье” гэж тус бүлгийн Телеграм хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Владлен Татарский
Жинхэнэ нэр нь Максим Фомин болох Владлен Татарский нь Телеграм хуудсандаа 560,000 гаруй дагагчтай юм. Тэрбээр Оросын армийн Украинд явуулж буй дайны талаар бичдэг хамгийн алдартай блогчдын нэг байжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Кремльд болсон Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгтгэх арга хэмжээнд тэр оролцож байсан юм.

“Бид бүгдийг ялна. Бид бүгдийг алж, хэрэгтэй бүхнээ дээрэмдэх болно. Бүх зүйл бидний хүссэнээр байх болно” гэж Татарский тухайн үед ярьж байжээ.

Дэлбэрэлт болсон кафе нь нэг үе хувийн зэвсэгт хүчний Вагнер Группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний эзэмшил байсан юм байна.

Хэрвээ Татарскийг санаатай хорлосон бол энэ нь Украины дайнтай холбоотой ОХУ-ын газар нутаг дээр үйлдэгдсэн хоёр дахь аллага болж байгаа юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Оросын хэт үндсэрхэг үзэлтний охин Дарья Дугина автомашинд тавьсан бөмбөгний дэлбэрэлтийн улмаас Москвагийн ойролцоо алагдаж байв.

Украины эрх баригчид энэхүү халдлагыг зохион байгуулснаа үгүйсгэж байжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр Татарскийн араас эмгэнэл илэрхийлээд “хэвлэлийн эрх чөлөөний талаар байнга ярьдаг” мөртлөө энэ үйлдлийг буруутгаагүй Өрнөдийн орнуудыг шүүмжилсэн байна.

“Оросын сэтгүүлчид Киевийн дэглэмийн аюул заналыг байнга мэдэрдэг. Оросын дайны сурвалжлагчдын ачаар Украинд болж буй үйл явдлын бодит үнэнийг дэлхий нийт мэддэг юм” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ.

40 настай Татарский дорнод Украины Донецк мужаас гаралтай хүн байсан юм. Одоо ихэнх хэсэг нь Оросын армийн хяналтад байгаа тус мужийг Кремлийн эрх баригчид өнгөрсөн онд ОХУ-ын бүрэлдэхүүнд хууль бусаар нэгтгэж байв.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version