Нийгэм

З.Цогтгэрэл: Боловсролын салбар хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна

Нийтэлсэн

Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл Сүхбаатарын талбайд өнөөдөр (2023.04.03)-өөс суулт хийж эхэлжээ. Тэрээр салбарын багш, ажилтнуудаа төлөөлж, БШУЯ-тай байгуулсан хэлэлцээрийн биелэлт хангалтгүй, өнөөдрийн хүртэл дорвитой шийд гарахгүй байгаа учраас ийнхүү суулт эхлүүлж, боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар анхаарал хандуулж арга хэмжээ авах хүртэл тэмцлээ зогсоохгүй” гэж мэдэгдэв.

Суулт өнөөдөр 2 цаг үргэлжилсэн бөгөөд суултын цагийг цаашид өдөр бүр нэмэх тул багш, ажилтнуудыг нэгдэхийг уриаллаа.


Суулт хийж буй З.Цогтгэрэл “Ажилласаар, хөдөлмөрлөсөөр, ядуурсаар ажиллах боловсон хүчний хомсдолд орсоор байна. Бид бүхэн боловсролын салбарыг тусгайлан авч үзэж, тэргүүлэх салбар болгохгүй бол уналтад орлоо. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна.

Жишээлбэл, нийслэлд анги дүүргэлт 30 хүүхэдтэй байх танхимд 60-70 хүүхэд сууж, нэг багш хоёр багшийн ажлыг хийж байгаа. Бусад гаднын улстай харьцуулахад анги дүүргэлт 15-20 хүүхэдтэй байдаг бол манай улс үүнийг 2-3 дахин их байна. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа хэвийн үйл ажиллагаа хангагчдын цалин хөлс маш бага. Энэ нь тэдгээр хүний амьдрах баталгааг алдагдуулж, ядууралд хүргэж байгаа. Тиймээс залуучууд нь гадаад руу, зарим нь өөр ажил хөдөлмөр хийхээр энэ салбараас ихээр гарч байна.

ТҮ-1-3 ажилчдын цалин хөлс өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Бид 2022 оны 11 дүгээр сараас, төсөв батлагдсанаас хойш ХНХЯ, БШУЯ, Засгийн газарт удаар дараа бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлэгдсэн, тодорхой болсон асуудлууд алга байна. Ажлын хэсэг чиглэл чиглэлээрээ БШУЯ дээр ажиллаж мэдээлэл хүргэсэн боловч шийдэлд хүрээгүй учраас дараагийн алхамд шилжиж байна” гэж байр сууриа илэрхийлэв.

Exit mobile version