Дэлхий
Финландын Ерөнхий сайд Санна Марины нам парламентын сонгуульд ялагдлаа
Финландад болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхий сайд Санна Марины тэргүүлсэн Социал демократ нам консерватив үзэлтнүүдэд ялагджээ.
Саналын хуудасны дөрөвний гурвыг тоолсны дараа Петтери Орпогийн үндэсний эвсэл саналын 20.9 хувь, хэт барууны үзэлтэй Фин нам 20.4 хувь, Социал демократууд 19.6 хувийн санал авчээ. Орпо тэргүүтэй консервативууд парламентад хамгийн олон суудал авна гэж YLE компани таамагласан байна. Орпо хэдийн ялалтаа зарласан бол удалгүй Санна Марин ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Сонгуулийн эцсийн дүн дөрөвдүгээр сарын 5-ны лхагва гарагт тодорхой болох аж. Эцсийн үр дүн төдийлөн өөрчлөгдөхгүй бол аль ч нам дангаараа Засгийн газар байгуулж чадахгүй бөгөөд эвсэл байгуулахаас өөр аргагүй болох гэнэ. Ялсан нам нь түрүүлж эвсэл байгуулах аж.
Дөрвөн жилийн өмнө Санна Марин дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм. Олон нийтийн санал асуулгад түүний рейтинг өндөр хэвээр байгаа ч үдэшлэгийн бичлэг интернетэд цацагдсаны дараа бага зэрэг буурсан байна.
Орпо Финландын 200 суудалтай парламентад олонх болохын тулд бүх намтай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн бол Марин Орпотой эвсэж болох ч Фин намтай эвсэх боломжгүй гэдгээ тэмдэглэжээ. Засгийн газар байгуулахын тулд эвсэл 100-аас дээш суудал авах шаардлагатай юм байна.
Эх сурвалж: ВВС