Дэлхий
NASA 2024 онд сар руу нисэх багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа
АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA өчигдөр гурван америк, нэг канад сансрын нисгэгчийг танилцуулсан нь ирэх онд сар руу нисэх хүмүүс байлаа.
Хагас зууны дараа АНУ дэлхийн дагуул дээр дахин хүмүүс буулгах зорилготой Artemis хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
АНУ-ын иргэн Рэйд Уайзмэн, Виктор Гловер, Кристина Кок нар өмнө нь тойрог замд ажиллаж байсан туршлагатай бол Канадын иргэн Жереми Хансен анх удаа сансарт нисэх гэж байна.
44 настай цахилгааны инженер Кок саран дээр хөл тавих анхны эмэгтэй болох юм.
“Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг пуужин тэднийг сансарт нисгэх болно. Бид саран дээр буцаж очсоныхоо дараа Ангараг руу ниснэ” гэж Хьюстон хот дахь Жонсоны Сансрын Төвд болсон танилцуулах арга хэмжээний үеэр NASA-гийн захирал Билл Нэлсон хэлжээ.
Artemis II багийн ахлагч, 47 настай Уайзмэн нь АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч юм.
46 настай Гловер бас сөнөөгч онгоцны нисгэгч бөгөөд тойрог замд ажилласан анхны Африк гаралтай Америк хүн болж байсан бол одоо мөн саранд хүрсэн анхдагч болох гэж байна.
47 настай Хансен нь Канадын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч ажээ. Кок, Хансен нар Artemis II багийн мэргэжилтнээр ажиллах юм байна.
Artemis I аяллыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан бөгөөд нисгэгчгүй Orion хөлөг сарны орчимд 25 хоног ажиллаад буцаж ирсэн юм.
Харин энэ удаа Artemis II аяллаар сансрын нисгэгчдийг мөн сарны орчимд хүргэх ч гадарга дээр нь буулгахгүй. 10 хоногийн аяллын үеэр NASA-гийн SLS (Space Launch System) пуужин болон Orion хөлөгт хүн амьдрах боломжийг турших зорилготой.
Үүний дараа Artemis III нислэгийг 2025 онд үйлдэхдээ сансрын нисгэгчдийг сарны гадарга дээр буулгахаар төлөвлөжээ.
Энэ нислэгээр саран дээр байнгын станц байгуулах ажлыг эхлүүлж, улмаар 2040 онд Ангараг гараг руу дамжин нисэхээр төлөвлөсөн байна.
Өмнө нь саран дээр нийт 12 хүн хөл тавьж байсан нь бүгд цагаан арьстан эрчүүд байжээ.
Эх сурвалж: AFP