Дэлхий
Бернар Арно хөрөнгийн хэмжээ нь $200 тэрбумын босгыг давсан гурав дахь хүн болжээ
Тансаг эдлэлийн брэндүүдийг эзэмшигч Францын LVMH группийн үүсгэн байгуулагч Бернар Арногийн хөрөнгийн хэмжээ саяхан анх удаа $200 тэрбумд хүрчээ.
Ингэснээр тэр хөрөнгийн хэмжээ нь 200 тэрбумын босгыг давсан гурав дахь хүн болж түүхэнд бичигдэж байна.
Арногоос өмнө Теслагийн Илон Маск, Амазоны Жэф Безос нар энэхүү өндөр босгыг даваад байсан юм.
Тэрбээр бас 200 тэрбумыг давсан хөрөнгөтэй анхны Америк биш хүн болж байна.
Мягмар гарагийн арилжааны үеэр Арногийн хөрөнгийн хэмжээ $2.4 тэрбумаар өсөж, $201 тэрбумд хүрсэн тухай Блүүмбэрг мэдээлжээ.
2023 он гарснаас хойш LVMH группийн хувьцааны ханш нийтдээ 25 орчим хувиар өсөөд байгаа юм.
LVMH групп нь Louis Vuitton, Tiffany & Co., TAG Heuer, Christian Dior зэрэг хувцас хэрэгсэл, цүнх, бугуйн цаг, гоо сайхны тансаг ангиллын олон брэндүүдийг эзэмшдэг.
Цар тахлын дараа хүмүүсийн ахуй амьдрал сэргэж, тансаг эдлэлд мөнгө зарцуулах болсон нь тус компанийн орлогын өсөлтөд нөлөөлж байгаа гэж шинжээчид үздэг.
Арно бизнесээ өөрийн гэр бүлийн хүрээнд удирддаг. Түүний таван хүүхэд группийнх нь янз бүрийн салбарыг тэргүүлдэг байна.
Эх сурвалж: Business Insider