Улс төр

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын харьяа долоон компанийг татан буулгана

Нийтэлсэн

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийхээр болсон бөгөөд өчигдөр ЗГХЭГ-ын дарга “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. Анх 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлж байгаа аж. Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр хагас тэрбум төгрөг болон буурна хэмээн мэдэгдэв. Мөн ЗГХЭГ-ын дарга энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.


-“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанид өрийн түвшин ямар хэмжээнд байгаа вэ?

-Засгийн газраас өнгөрсөн оны 10, 11, 12 дугаар саруудад Монгол Улсын эдийн засгийн 45 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний салбарт зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнийг маш оновчтой болсон гэж эдийн засагчид 2-3 өнцгөөр авч үзэж байгаа. Нэгдүгээрт, валютын нөөцийн хомсдол бий болох, улмаар 2023 онд эдийн засгийн эрсдэлд орохоос энэ бодлого, хөтөлбөрийн ачаар сэргийлсэн. Цар тахлын ард олон улс олон улсын зах зээл дээрээс бонд гаргах, хөрөнгө босгох чиглэлд ажилласан.

Харин Монгол Улсын Засгийн газраас нэгдүгээр сард гаргасан бонд хамгийн бага хүүтэй орж ирснээрээ манай улсын эдийн засгийн эрсдэл тодорхой хэмжээнд арилсны илрэл байсан. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35 сая тонн нүүрс экспортолсон нь асуусан өр төлбөрийг барагдуулахад ихээхэн дэмжлэг болсон гэж болно. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэрээр хэд, хэдэн төмөр замын томоохон төсөл хөтөлбөр эхлүүлсний улмаас өр төлбөр үүссэн. Тиймээс өнөөдөр ч гэсэн энэхүү өр төлбөрийг төлж барагдуулж байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бууруулах, хараат бус гишүүдийг томилох асуудал дээр юу хэлэх вэ?

-Төрийн өмчийн компани гэдгээрээ ашиггүй ажилладаг байдал цаашдаа байхгүй болно гэж ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит үйлдвэрийн газар 50 тэрбум төгрөгийн ашиг олчхоод төдий хэмжээний зарлага гаргаад сууж байх биш бусад хэвийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шигээ үр ашигтай ажиллахын төлөө зорино. Үүнийг хангуулдаг төр болохын тулд бид ч ажиллаж байна. Холбогдох дүрэм, журмуудыг шинэчилж байгаа. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” болон ТӨБЗГ-ын харьяанд байгаа ТӨҮГ, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад дахин ур чадвар дээр суурилсан мониторинг явуулна. Цаашдаа төрийн өмчийн компаниудын үр ашгийг бодитой тооцдог болно. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийн харьяа 39 охин компанийн долоог нь татан буулгана. Бусад компаниудыг ч үйл ажиллагаа нь ижил, төстэй байдлаар нь нэгтгэх бодлого барина. Засгийн газраас мөн ТУЗ-ын гишүүдийн тоог цөөлөх шийдвэр гарсан. Нийт 270 гишүүнийг 27 болго гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ чиглэл бүрэн хангагдахаар болсон. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд нэг, Зэсийн болон Нүүрсний группийн хүрээнд ТУЗ байна. Энэ бүгдийг дагаад төсвийн асар их хэмжээний хэмнэлт гарна.

-Бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод хэр үр дүнтэй ажилласан гэж дүгнэх вэ?

-Бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод үйл ажиллагаа нь “Эрдэнэс Монгол” дээр амжилттай хэрэгжиж байгаа. Бидний өнөөдөр/өчигдөр/ өглөө авсан мэдээллээр энэ оны эхний гурван сарын байдлаар 7.5 сая тонн нүүрсийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани  экспортолсон байна. Энэ хурдаараа явбал дангаараа 30 сая тонныг гаргах боломжтой. Мөн Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа энэ сарын 29-нд дуусна. Үүнийг цаашаа сунгах уу, нээлттэй сонгон шалгаруулалтаар Хараат бус ТУЗ гүйцэтгэх захирлыг сонгон ажиллуулах уу, гадаадын менежментийн баг оруулж ирэх үү гэдгийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурал дээр хэлэлцэж шийдвэрлэнэ.

-“Шүүр” ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шүүр ажиллагаа дан ганц төрийн захиргааны албан хаагчдын хувьд бус Монгол Улсын хэмжээнд 225 мянган төрөөс цалинжиж байгаа төрийн захиргааны тусгай албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад мэргэжлийн ур чадвар, туршлагыг үндэслэн томилогдсон эсэхийг хөндөж тавина. Үүний хэрэгжилтийн тайлан нь энэ сарын 10-ны өдөр гэхэд ЗГХЭГ дээр бүх тайлбартайгаа ирнэ. Үүнийг нь үндэслэн санамсаргүй түүврийн аргаар хяналт шалгалтыг явуулна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version