Дуулиан шуугиан
Далай лам хүүгийн уруул дээр үнссэндээ уучлал хүсэв
Дээрхийн гэгээн Далай лам бяцхан хүүг уруул дээр нь үнсэж, “хэлээ хөх” гэж хэлж буй дүрс бичлэг нь интернэтээр цацагдсаны дараа уучлал эржээ.
Даваа гарагт /2023.04.10/ гаргасан мэдэгдэлд Далай лам хүү болон хүүгийн гэр бүл, найз нөхдөөсөө уучлал эрж, хэлсэн үгэндээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
“Дээрхийн гэгээн хүмүүстэй уулзахдаа, тэр тусмаа олон нийтийн болон камерын өмнө ихэнхдээ гэмгүй хошигнодог” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Олны дургүйцлийг хүргэсэн дүрс бичлэгийг Далай ламын Энэтхэгийн Дарамсала дахь сүмд өнгөрсөн хоёрдугаар сард болсон арга хэмжээний үеэр хийжээ.
Дүрс бичлэгт бяцхан хүү Нобелийн Энх тайвны шагналт Далай ламд дөхөж очин, “Таныг тэвэрч болох уу” хэмээн асуудаг. Дээрхийн гэгээнтэн (87 настай) хүүг тайз руу урьж, хацраа заан “Эхлээд энд” хэмээн хэлж, хүүд тэврүүлэн, хацар дээрээ үнсүүлдэг. Дараа нь тэрбээр уруул руу гаа заан, “Энд бас болно гэж бодож байна” гээд, хүүгийн уруул дээр үнсжээ. Дараа нь Далай лам “Миний хэлийг хөх” гээд, хэлээ гаргаж байгаа нь дүрс бичлэгт гардаг.
Энэтхэгийн Хүүхдийн эрхийн төлөөх төв CNN агентлагт энэ талаар тайлбар өгөхдөө “Зарим хэвлэлд хэлээ гаргах нь Төвөдийн соёлын нэг хэлбэр хэмээн бичсэн байсан. Гэхдээ энэ дүрс бичлэгт гарч буй үйлдэл бол соёлтой холбоогүй. Соёлын нэг хэлбэр байсан ч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.