Улс төр

Н.Энхболд: Иргэд саналаа намд эсвэл хүнд өгч болно

Нийтэлсэн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.04.12/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын 38 гишүүнийг тойргоос, 38 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор төсөлд тусгажээ. 38 тойргоос дэвших болбол 1 аймаг, дүүрэг нэг нэг л төлөөлөлтэй болох нь. Энэ хэр зөв юм бэ хэмээн тодруулсан. Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан жендэрийн асуудал, намаас нэр дэвшигчдийн жагсаалтын талаар тодруулсан байна.

Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүдийн тоо, тойргийг УИХ-аас тогтоодог. Энэ бол дараагийн шатны асуудал. Тойргийн тоо, гишүүдийн тоотой холбоотой асуудлыг хэлэлцүүлгийн явцад ярилцан шийдэх боломжууд байгаа. Жагсаалтын тухайд намууд хүмүүсээ нэр дэвшүүлээд нэрийг нь саналын хуудсанд жагсаана. Иргэд саналаа намд өгч болно, хүнд өгч болно. Санал авах хуудас гурван баганатай байна. Эхний баганаар тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ иргэд сонгоно. Хоёр дахь багананд намын нэр, гурав дахь багананд хүний нэр байх болов уу гэж бодож байна. Тэрхүү дараалал ямар байхыг одоо хэлж мэдэхгүй байна. Энэ мэт зарчмын асуудлуудаа хэлэлцээд шийднэ. Бидний өргөн мэдүүлсэн хувилбараар нийт намд өгсөн санал, хүнд өгсөн саналууд нийлээд тухайн намд очих саналын нийт дүн болно. Түүгээр нь нам авсан суудлаа хэнд хуваарилах вэ гэдгээ шийдээд явах юм. Засгийн газраас хуулийн төслийн талаар санал авсан. Засгийн газар тухайн нам эвслээс жагсаалтад бичигдсэн хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар солбиж бичиж оруулъя гэсэн санал өгсөн. Ажлын хэсэг тэр саналыг хүлээн авч төсөлдөө тусгасан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналуудыг ярилцаад тухай бүр нь шийдээд явна. АН-ын хоёр гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол зарчмын асуудал бол мажоритар пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор сонгууль явуулах тухай байгаа. Түүний хамт гишүүдийн тоо, эмэгтэйчүүдийн квот, түүнийг дотор нь хэрхэн хуваарилах, тойргийн гэх мэт асуудлыг ярилцаад шийдэх боломжууд байгаа гэж үзэж байна хэмээн хариулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Exit mobile version