Энтертайнмент
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ
Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр монголын шигшээ багийн гурван эмэгтэй медаль авлаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон мөнгөн медаль, 72 кг жинд Энх-Амарын Даваанасан, 53 кг жинд Бат-Очирын Болортуяа нар хүрэл медаль тус тус хүртэв.
П.Орхон Энэтхэг болон Хятадын бөхчүүдийг өвдөг шороодуулж финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө Киргизийн Айсулуу Тинибековад 9-5 харьцаагаар ялагдсан байна.
Б.Болортуяа
Б.Болортуяа
Харин Б.Болортуяа Өмнөд Солонгосын бөхийг ялсныхаа дараа хагас шигшээд Японы бөхөд цэвэр ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Тайванийн бөхийг цэвэр ялсан. Э.Даваанасан мөн Тайванийн бөхийг ялж хүрэл медаль хүртсэн юм.
Энэ өдөр монголын шигшээ багийн таван бөх барилдсан бөгөөд 57 кг жинд Бат-Эрдэнийн Эрдэнэсувд хүрэл медалийн барилдаанд Энэтхэгийн бөхөд цэвэр ялагдсан бол 65 кг жинд Баатаржавын Шоовдор хэсгийн шатнаас хасагдав.
Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон эмэгтэй шигшээ баг 2 мөнгө, 2 хүрэл медальтай нутаг буцахаар болов. Харин маргаашаас /4-р сарын 13/ эрэгтэй жингийн барилдаанууд эхэлнэ.
Э.Даваанасан
Э.Даваанасан
4-р сарын 13-д
57 кг жинд Занданбудын Занабазар
65 кг жинд Төмөр-Очирын Тулга
70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд
79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж
97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан
4-р сарын 14-д
61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга
74 кг жинд Олонбаярын Сүлдхүү
86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
92 кг жинд Ганбаатарын Ганхуяг
125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.
Хасагдах шат болон дагах барилдаанууд 13:30 цагаас эхлэх бол медалийн барилдаанууд 21:00 цагт эхэлнэ.