Дэлхий

АНУ-д айлын хаалга андуурсан хар арьст хүү гэрийн эзэнд буудуулжээ

Нийтэлсэн

АНУ-ын Миссури мужид 16 настай хар арьст хүү айлын хаалга андуурч хонх дараад гэрийн эзэнд нь буудуулж, хүнд шархадсан хэрэг гарсныг орон нутгийн цагдаагийн байгууллага Даваа гарагт мэдээлжээ.

Пүрэв гарагт хохирогч Ральф Ярль ихэр дүү нараа айлаас авах гэж очихдоо андуурч, өөр айлын хаалганы хонхыг дарсан юм байна.

Энэ үеэр тухайн айлын гэрийн эзэн 85 настай цагаан арьст эрэгтэй хүү рүү гал нээжээ.

Толгой болон гарандаа буудуулж шархадсан хүү хөрш гурван айлд хандсан боловч хэн нь ч туслаагүй байна. Харин хандсан дөрөв дэх хөршийн хүн эмнэлгийн тусламж дуудаж өгчээ.

Хүүг буудаж шархдуулсан гэрийн эзэнд хэрэг нээн шалгаж эхэлснээ Клэй дүүргийн прокурорын алба өчигдөр мэдээлсэн байна.

Ням гарагт “Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтнүүд Ярлийн буудуулсан гудамжинд цуглаан зохион байгуулж, арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцжээ.

Хэрэг гарсан Миссури мужид гэрт нь нэвтэрсэн хүний эсрэг физик хүч хэрэглэхийг зөвшөөрдөг ч ноцтой шалтгаангүй бол үхлийн аюултай зэвсэг хэрэглэхийг хориглосон хууль үйлчилдэг юм.

Хохирогч хүүгийн бие аажмаар сайжирч, Ням гарагт эмнэлгээс гарч, гэрийн асрамжид шилжсэн тухай түүний аав Пол Ярль өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version