Дэлхий
Их Британийн ерөнхий сайд улсынхаа “анти-математик” соёлыг халах хүсэлтэйгээ мэдэгджээ
Даваа гарагт Их Британийн ерөнхий сайд Риши Сунак улсынхаа “анти-математик” соёлыг өөрчилж, математикийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх анги хүртэл заадаг болгох хүсэлтэйгээ мэдэгджээ.
Математикийн мэдлэг муутай иргэд нь эдийн засгийн хөгжлийг хойш чангааж, энэ талын боловсрол муу эзэмшсэн залуус дэлхий дахины хөдөлмөрийн зах зээлд гологдож буйг тэр онцолсон байна.
“‘Өө математикийг би ойлгохгүй ээ. Энэ миний сурах зүйл биш’ гэж ярихад бүгдээрээ баясан инээлддэг соёл манайд бий болжээ. Гэтэл бид уншиж чаддаггүй хүний тухай ингэж хошигнодоггүй билээ” гэж Сунак хэлжээ.
Гэхдээ тэр багшийн хүрэлцээ хангалтгүй байгаа тул нэг шөнийн дотор бүх зүйл сайжрах боломжгүйг хүлээн зөвшөөрсөн юм.
Их Британи улс 2020 оноос эхлэн математикийн багшийн ажлын байрыг 40 хувиар нэмэгдүүлсэн ч шаардлага хангах боловсон хүчин хангалттай олдохгүй байгаа ажээ.
“Ерөнхий сайдын сүүлийн мэдэгдэл эцэг эхчүүд, сургуулийн удирдлагуудыг толгойгоо маажихад хүргэж байна. Үнэндээ засгийн газрын боловсролын талаар баримталж буй бодлого хэрэгжиж чадахгүй байна” гэж Үндэсний Боловсролын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мэри Боустед ярьж байна.
Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ сарын сүүлээр цалин хангамжаа нэмэхийг шаардаж, ажил хаяхаар бэлдэж байгаа. Инфляцын өсөлт багш нарын амьжиргаанд хүндээр тусаж байгаатай холбоотой ийм эсэргүүцлийн арга хэмжээ авах гэж байна.
Зарим шүүмжлэгчид багш нарын тэмцлийг анхаарлаас холдуулахын тулд Сунак ийм мэдэгдэл хийсэн байж болзошгүй гэж сэжиглэж буйгаа илэрхийлжээ.
Ямартай ч тэрбээр засгийн газрын дэргэд математикийн боловсролыг сайжруулах чиглэлд ажиллах экспертүүдийн хороог байгуулснаа мэдэгдсэн юм. Тус хороо энэ оны зун эхний зөвлөмжөө танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: Associated Press