Дэлхий

Саятнуудын тоогоор Сингапур Хонконгийг гүйцэж түрүүлжээ

Нийтэлсэн

Санхүүгийн хүчин чадлаараа байнга өрсөлддөг Азийн хоёр хотын эрэмбэ солигджээ.

Henley & Partners болон New World Wealth компаниудын өчигдөр гаргасан жагсаалтад 2012-2022 оны хооронд Хонконгийн саятнуудын тоо 27 хувиар буурч, 129,500 болсон бол ижил хугацаанд Сингапурын саятнуудын тоо 40 хувиар нэмэгдэж, 240,100 хүрснийг харуулсан байна.

2012 онд саятнуудын тоогоор Хонконг дэлхийн хотуудын дотор дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол одоо долдугаарт буюу Сингапураас хоёр байрын доор жагсах болжээ.

Бээжингийн эрх баригчдын явуулж буй хатуу бодлого Хонконгоос саятнуудыг дүрвэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Нэг саяас дээш хөрөнгөтэй 340,000 оршин суугчтай АНУ-ын Нью-Йорк хот дэлхийд тэргүүлж, араас нь Японы Токио, Калифорни мужийн Бэй Ареа, Лондон, Сингапур хотууд удаалжээ.

Нийлбэр үзүүлэлтээр дэлхийн хамгийн баян 50 хотын жагсаалтын 10-ыг АНУ-ын хотууд эзэлсэн байна.

Дараа нь уг жагсаалтад таван хоттой Хятад улс, дөрвөн хоттой Австрали улс удаалжээ.

Харин тэрбумтнуудын тоогоор жагсаахад Бэй Ареа 63 тэрбумтнаар дэлхийн хотуудыг тэргүүлж, араас нь Нью-Йорк, Бээжин, Лос-Анжелес, Шанхай эхний таван байранд орсон байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөрөнгө нь хамгийн их өссөн баян оршин суугчидтай хотоор Хятадын Ханьжоу шалгарчээ. Тус хотын саятнуудын хөрөнгө энэ хугацаанд 105 хувиар өссөн байна. Дараа нь 102 хувийн өсөлттэй АНУ-ын Техас мужийн Остин хот жагсжээ.

Украины дайн Оросын нийслэлээс баячуудыг зугтахад хүргэсэн нь дээрх жагсаалтаас бас харагдсан байна.

Тухайлбал Москваг өөрийн суугуул хот гэж нэрлэдэг саятнуудын тоо 10 жилийн өмнөхөөс 44 хувиар буурсан бол Санкт-Петербург хотынх 38 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: Bloomberg

Exit mobile version