Дэлхий

Йеменд $10-ын төлөө өрсөлдөөнд 78 хүн шахагдаж амиа алджээ

Нийтэлсэн

Лхагва гарагт Йемен улсын нийслэл Санаа хотод хоёр бизнесмэн Исламын шашны Рамадан сар өндөрлөж буйг тохиолдуулан хүмүүст мөнгө тарааж, буян үйлджээ.

Тэд түрүүлж ирсэн хүн тус бүрд $10-тай тэнцэх хэмжээний мөнгө тараасан юм.

Гэтэл олон зуун хүн нэг дор цугларч, шахцалдаан үүссэнээс 78 хүн амиа алджээ.

Энэ үеэр хууль сахиулагчид агаарт хий буудаж, зохицуулахыг оролдсон ч үр дүнд хүрээгүй байна.

Буяны арга хэмжээгээ эрх баригчидтай хамтран зохион байгуулаагүй шалтгаанаар зохион байгуулагчдыг баривчилжээ. Тэднээр хохирогчдын ар гэрийнхэнд тус бүр $2,000, бэртэж гэмтсэн хүн тус бүрд $400 төлүүлэхээр болсныг Йемений засгийн газар мэдээлсэн байна.

Үймээний үеэр нийт 73 хүн бэртжээ.

Йемен улсын засгийн эрхийг Ираны талыг баримтлагч Хусит зэвсэгт бүлэглэл 2014 онд булаан авсан юм.

Үүний улмаас Саудын Араб тэргүүтэй арабын орнуудын эвсэл Хуситуудын эсрэг дайн зарласан нь өнгөрсөн хугацаанд 150,000 гаруй хүний аминд хүрээд байгаа.

Сүүлийн байдлаар тус улсад 21 сая хүн буюу нийт хүн амынх нь гуравны хоёр өлсгөлөнгийн байдалд байгааг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн байгууллага мэдээлсэн байдаг.

 

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version