Нийгэм

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчинд ₮10 сая, бичил үйлдвэрлэл эрхлэгчид ₮50 саяыг олгох зээлд 70 ААН, 710 иргэн хамрагджээ

Нийтэлсэн

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 20 тэрбум төгрөгийн жижиг зээлийг 2023 оноос олгож эхэлсэн.

Дөрөвдүгээр сарын байдлаар 70 аж ахуйн нэгж, 710 иргэн хамрагдаж, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

Хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт ажлын байр бий болгох, хадгалахыг дэмжих бодлогын хүрээнд аймгуудад жилийн 4.4 хувийн хүүтэй, Улаанбаатар хотод жилийн 8.5-8.8 хувийн хүүтэй олгож буйгаараа онцлог аж.

Өмнөх жилүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг олгож байв. Энэ хүрээнд 2022 оны жилийн эцсийн өссөн дүнгээр нийт 1,436 иргэнд 12.8 тэрбум төгрөгийн зээлийг олгож нийт 2,833 ажлын байрыг бий болгох, хадгалахад дэмжлэг үзүүлжээ.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг,
  • Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг,
  • Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн зээл олгодог байна.
Exit mobile version