Дэлхий

Энэтхэгийн засгийн газар сурах бичгээс Их Моголын түүхтэй холбоотой хэсгийг хассан нь судлаачдын дунд маргаан дэгдээжээ

Нийтэлсэн

Саяхан Энэтхэгийн эрх баригчид ерөнхий боловсролын сургуулийн түүхийн сурах бичгээс Их Моголын үетэй холбоотой бүлгийг хассан нь судлаачдын дунд маргаан дэгдээжээ.

Тус улсын боловсролын яамны дэргэдэх Боловсролын Сургалт, Судалгааны Үндэсний Зөвлөл (NCERT) хэмээх байгууллага түүхийн сурах бичгийн агуулгыг шинэчлэхдээ ийнхүү хассан байна.

Их Моголын түүхээс гадна Махатма Гандигийн аллагатай холбоотой зарим баримтууд, 2002 онд Гужарат мужид гарсан бослогын талаар мэдээллийг сурах бичгээс хасжээ.

NCERT байгууллага дээрх өөрчлөлтөө сурагчдын ерөнхий мэдлэгт нөлөөлөхгүй, харин цар тахлын дараа сурагчдын оюуны ачааллыг хөнгөлөх зорилготой арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Харин зарим судлаачид үүнийг хүүхдүүдийн улс орныхоо түүхийг бүрэн ойлгож мэдэхэд саад учруулсан, үндсэрхэг үзлийг дэвэргэсэн алхам гэж шүүмжилжээ. Тухайлбал хиндү болон ислам шашинтнуудын зөрчлийг илэрхийлсэн хэрэг гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзэлтнүүд Энэтхэгийн хойгийн ихэнх хэсгийг олон зууны турш захирч байсан Моголын хаадыг Хиндү соёл иргэншлийг доройтуулсан гадаадын эзлэн түрэмгийлэгчид хэмээн шүүмжлэх явдал нэмэгдсэн юм.

Тиймээс хиндү шашинд суурилсан үндсэрхэг үзлийг өөгшүүлдэг гэгддэг Нарендра Модигийн засгийн газар сурах бичгээс Моголын түүхийг хассан нь өөр санаа агуулсан гэж зарим судлаачид үзэж байна.

Харин дэмжигчид нь муслим хаадын түүхийг сурах бичигт хэт дөвийлгөж харуулсныг засах ёстой гэж дүгнэжээ.

“Манай улс үндэстэн хамгийн их хагаралдаж, хуваагдсан цаг үед хүүхдүүд түүхээ судалж байна. Түүхийн таагүй хэсгийг сурах бичгээс хасах нь тэдний юмыг олон талаас харж, дүгнэх сэтгэлгээг хөгжихөд саад болно” гэж Хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн Исламын түүхийн багш Хилал Ахмед ярьж байна.

Түүхийн сурах бичгийг зохиогчдын нэг, академич Махлан Лал “Моголын хаанчлал бол Энэтхэгийн түүхийн хамгийн цуст үеүдийн нэг байсан. Бид үүний оронд яагаад Вижай Нагарын эзэнт улс, Чолас, Падяасын түүхийг түлхүү оруулж болохгүй гэж?” хэмээн ярьжээ.

Түүний дурдсан нэрс нь Энэтхэгийн хойгийн өмнөд хэсэгт оршиж байсан Хиндү шашинт улсууд юм.

Харин NCERT байгууллагын захирал Динеш Саклани дэмий сэдвээр маргалдахгүй байхыг судлаачдад уриалаад Моголын түүхийг бүрэн хасаагүй, тодорхой хэмжээнд заах хөтөлбөр хэвээр байгааг мэдэгджээ.

Их Могол улсыг Доголон Төмөрийн угсааныхан 1526 онд байгуулсан нь 1857 оныг хүртэл буюу Британийн колони болох хүртэл Энэтхэгийн хойгт оршин тогтнож байсан юм.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version