Дэлхий
SpaceX компанийн бүтээсэн дэлхийн хамгийн том пуужин анхны туршилтын үеэр дэлбэрэв
Хүмүүсийг сар болон Ангараг гарагт хүргэх зориулалттай дэлхийн хамгийн том сансрын пуужинг SpaceX компани бүтээснээ өчигдөр анх удаа туршлаа.
Пуужин өчигдөр орой АНУ-ын Техас мужийн Бока Чика дахь сансрын буудлаас хөөрсөн боловч гурван минутын дараа хурдасгуураа салгаж чадалгүй дэлбэрсэн байна.
Пуужингийн туршилтыг Даваа гарагт анх төлөвлөж байсан ч техникийн доголдлын улмаас хөөрөхөөс 10 минутын өмнө зогсоосон юм.
Хөөрсний дараа Super Heavy хурдасгуурууд пуужингийн эх биеэс салж, Мексикийн булангийн усанд хяналттайгаар унах ёстой байжээ.
Гэвч туршилт энэ шат хүртэл үргэлжилсэн байна.
“Би туршилтаас хүлээж буй үр дүнгээ тодорхой хэлмээр байна. Пуужинд ямар нэг асуудал гарвал хөөргөх тавцангаас хангалттай холдсон хойно гараасай гэж хүсэж байна. Миний бодлоор ингэж чадвал амжилттай болсонд тооцож болно. Зүгээр л хөөргөх тавцангаа дэлбэлэхгүй байхад болно” гэж SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск туршилт эхлэхийн өмнө хэлж байсан юм.
Тэрбээр маш олон нарийн технологийг зэрэг турших тул пуужингийн анхны хөөргөлт амжилттай болох магадлал бага болохыг өмнө нь анхааруулж байлаа.
“SpaceX-ийн багийнханд Starship пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе! Хэдхэн сарын дараа зохион байгуулах дараагийн туршилтад хэрэгтэй олон зүйлийг эндээс суралцлаа” гэж Маск твиттер хуудсандаа бичжээ.