Дэлхий

Оросын Вагнер групп Хятадаас зэвсэг авах гэж оролдоод бүтээгүй тухай АНУ-ын тагнуулын тайланд өгүүлжээ

Нийтэлсэн

Саяхан нууцаас задарсан АНУ-ын тагнуулын тайланд энэ оны эхээр Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер групп Хятад улсаас зэвсэг нийлүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авсан талаар дурджээ.

2023 оны нэгдүгээр сард Вагнер “сум болон бусад зэвсэг техник” нийлүүлэхийг хүсэхэд Хятад улс хүссэн зүйлийг нь өгөөгүй төдийгүй ямар нэг хариу өгөөгүй тухай уг тайланд өгүүлсэн байна.

Тус групп одоо Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайнд гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Хятад улсын хувьд Украины асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж, Оросын талд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгүйгээ удаа дараа мэдэгдээд байгаа.

Гэхдээ ОХУ-аас газрын тос их хэмжээгээр худалдан авч буй нь дайныг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болсоор байна.

АНУ-ын засаг захиргаа ОХУ-д зэвсэг нийлүүлэхгүй байхыг Хятадын эрх баригчдад анхааруулсаар байгаа.

Вагнер группийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин зэр зэвсгийн хүрэлцээ муу байгаа болон ОХУ-ын батлан хамгаалах яам хангалттай дэмжихгүй байгаа тухай олон нийтийн сүлжээнд дахин дахин гомдоллодог.

Тиймээс тэр зэвсэг нийлүүлэх өөр эх үүсвэр хайж байж болзошгүй юм.

Өмнө нь тус групп Умард Солонгосоос их бууны сум авсан байж болзошгүй тухай тагнуулын мэдээлэл авснаа АНУ-ын албаныхан мэдэгдэж байлаа.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version