Дэлхий

Оросын эрх баригчдын бодлогыг Монголчуудын 24 хувь нь буруутгаж буйг олон улсын судалгаа харуулжээ

Нийтэлсэн

ОХУ-ын эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг дэлхийн улс орнуудын ард иргэд хэрхэн үнэлж буйг харуулсан судалгааны шинэ тайлан өчигдөр нийтлэгджээ.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш уг үнэлгээ эрс өөрчлөгдсөн нь Gallup байгууллагын судалгааны үр дүн харуулсан байна.

Тухайлбал 2007 оноос хойш анх удаагаа Оросын эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг дэлхий даяараа буруутгажээ.

Дэлхийн 137 улсын ард иргэдийн дунджаар 57 хувь нь ийм хариулт өгсөн байна. Дөнгөж жилийн өмнө энэ үзүүлэлт 38 хувьтай байжээ.

Дараах зураг дээр Оросын удирдагчдын бодлогыг буруутгагчдын эзлэх хувийг улс орон тус бүрээр харуулсан байна. Үүнд Монголын иргэдийн 24 хувь буруутгажээ.

Судалгаанд оролцсон 137 улсын 81-ийнх нь ард иргэдийн олонх Оросын засгийн газрын бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин эсрэгээрээ ОХУ-ын бодлогыг дэмжигчдийн дэлхийн дундаж 2021 онд 33 хувь байсан бол 2022 онд 21 хувь болж буурчээ.

АНУ-д 93 хувь, Канадад 91 хувь, Европын 10 оронд 95 хувь, Украинд 96 хувь нь Оросын эсрэг санал өгсөн байна.

Дараах зураг дээр буруутгагчдын эзлэх хувь нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. Энд Монгол улсын үзүүлэлт 12 нэгж хувиар өссөн байна.

Харин Монгол улсын хувьд санал асуулгад оролцогсдын 24 хувь нь л хойд хөршийнхөө бодлого, үйл ажиллагааг буруутгажээ.

Гэхдээ энэ нь 2021 оноос 12 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл нэг жилийн өмнө Монголчуудын 12 хувь нь Москвагийн бодлогыг шүүмжилдэг байжээ.

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас Казахстанд хандлага нэлээд өөрчлөгдсөн нь энэ судалгаанаас харагдаж байна.

Тухайлбал 2021 онд тус улсын ард иргэдийн 55 хувь нь Оросын бодлогыг дэмжиж байсан бол 2022 онд 29 хувь болж буурчээ. Харин шүүмжлэгчдийн эзлэх хувь нэг жилийн дотор 20 хувиас 50 хувь болж эрс өссөн байна.

Ерөнхийдөө дэлхийн бүх бүс нутгуудад Москвагийн эрх баригчдын бодлогыг буруутгадаг болсон нь энэ судалгаанаас харагджээ.

Эх сурвалж: Gallup polling

Exit mobile version