Дэлхий

Энэ оны эхний улиралд Өмнөд Солонгосоос орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо 2022 оны нийт тооноос давжээ

Нийтэлсэн

Энэ оны эхний улиралд Өмнөд Солонгосоос орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо 2022 оны нийт тооноос давсныг Ням гарагт Сөүлд гаргасан албаны тоо баримт харуулжээ.

Солонгосын цагаачлалын албанаас гаргасан статистик тоо баримтад энэ оны нэгээс гуравдугаар сард орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо 1,056 хүрсэн байна. 2022 онд энэ тоо 1,038 хүрч байжээ.

Нэгдүгээр улиралд нийтдээ 4,057 гадаадын иргэн Өмнөд Солонгосоос орогнол хүссэн нь өмнөх улирлаасаа 26 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь улирал хооронд гарсан хамгийн өндөр өсөлт болсон байна.

Ингэж өсөхөд ОХУ-ын иргэд гол нөлөө үзүүлжээ.

ОХУ-ын иргэдийн дараа Казахстаны 585 иргэн, Хятадын 240 иргэн, Энэтхэгийн 200 иргэн өнгөрсөн улиралд Өмнөд Солонгосын засгийн газраас орогнол хүссэн байна.

Орогнол хүссэн Оросын иргэдийн тоо өсөхөд Украины дайн, түүнтэй холбоотой цэргийн дайчилгаа нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Өмнөд Солонгос улс 1994 онд олон улсын гэрээнд нэгдсэнээр гадаадаас дүрвэгчид хүлээж авах болсон юм.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 88,979 хүсэлт хүлээж авснаас ердөө 1,363 хүнд байнга оршин суух орогнол олгож, 2,511 хүнд хүмүүнлэгийн үндэслэлээр түр оршин суух эрх олгож байжээ.

Тус улс нийт гаргасан хүсэлтийн 2.9 хувьд зөвшөөрдөг нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дундаж 24.8 хувиас хамаагүй бага байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News

Exit mobile version