Дэлхий

Япон улс Египетийн метрог өргөтгөхөд $700 гаруй саяын хөрөнгө оруулахаар боллоо

Нийтэлсэн

Египет улсад хийж буй Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишидагийн айлчлалын үеэр хоёр улс нийтийн тээврийн томоохон хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.

Ням гарагт байгуулагдсан гэрээ ёсоор Япон улс Кайр хотын метроны өргөтгөлд 100 тэрбум иений ($734 сая) хөрөнгө оруулахаар болжээ.

Уг өргөтгөл нь 30 км урт үргэлжилж, нийслэл Кайрын дагуул хот Аравдугаар сарын 6-ныг Гизагийн тэгш өндөрлөгтэй холбох юм.

Ингэснээр Японы засгийн газраас Египет улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ $3 тэрбумд хүрч байна.

Эдгээр нь Египет улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 18 том төсөлд зарцуулагджээ.

Африк тивийн дөрвөн улсаар тойрон айлчлах Японы ерөнхий сайдын эхний зогсоол Египет болж байна. Тэрбээр Бямба гарагт тус улсад хүрэлцэн ирсэн бөгөөд дараа нь Гана, Кени, Мозамбик улсуудад айлчлах юм.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн айлчлалын гол зорилго худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болж байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version